ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа.
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн онцлог юу вэ, энэхүү сан ямар эх үүсвэрээс бүрддэг вэ?
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бий болгож, уг сангаас аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох,аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу харьяа сум, дүүргийн ОНХС-д хөрөнгө хуваарилдаг болсон.
Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь иргэдээс санал авч хэрэгжүүлдэг онцлогтой.
-Иргэд орон нутагтаа тогтвортой амьдран суурьшихад ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрхэн нөлөөлдөг вэ. Иргэд саналаа өгөхдөө ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна вэ?
-Иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа тодорхойлж, саналаа өгснөөр тухайн тулгамдсан асуудлыг шийдэж, орчин нөхцөлөө сайжруулах боломжийг иргэдэд олгодог чухал ач холбогдолтой санал асуулга гэдгийг тодотгоё. Иргэдийн хувьд орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, авто машины зогсоол байгуулах, явган хүний замыг засаж сайжруулах зэрэг саналыг голчлон өгдөг.
-Нийслэлээс ОНХС-ийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ. Тус сангийн төсөв дүүргүүдэд хэрхэн хуваарилагдаж, нэг хороонд ойролцоогоор хэдэн төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ. Сангийн төсөв өссөн үү?
-Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлээс дөрвөн итгэлцүүрийн дагуу дүүргийн хүн ам, хороодын тоо, байршил, алслалтаас хамаарч есөн дүүрэгт олгох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог. Дүүргүүдийн хувьд ч нэг хороонд олгох хөрөнгө оруулалтын төсвийг дээрх шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хуваарилдаг. Урьд жилүүдэд нэг хороонд дунджаар 20-30 сая төгрөг хуваарилагддаг байсан бол хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дунджаар 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байна.
-Цахимаар санал хурааж байгаа нь хорооны ажилтнуудын ажлыг хөнгөвчилж байна уу?
-ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг 2018 оноос өмнө цаасан хэлбэрээр авдаг байсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ухаалаг утасны “SmartUB” аппликейшнийг 2017 оноос хөгжүүлсэн. Үүний үр дүнд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цахимаар авах ажлыг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Ийнхүү цаасан суурьтай бус цахим санал асуулга авдаг болсон нь дүүрэг, хороод, хэсгийн ахлагчдын ажлыг хөнгөвчилж байгаа.
Энэ жилийн цахим санал асуулгыг Сангийн яамны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн аппликейшн, “e-Mongolia” аппликейшн болон “e-Mongolia.mn” цахим хуудсаар дамжуулан авч байна.
-Өнгөрсөн хугацаанд ОНХС-д саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэн үү?
-ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахим санал асуулгад 2018 онд есөн дүүргийн 19 хорооны 13,000 иргэн, 2019 онд зургаан дүүргийн 42 хорооны 76,330 иргэн, 2020 онд есөн дүүргийн 171 хорооны 347,077 иргэн, 2021 онд 171 хорооны 369,656 иргэд оролцсон. Ийнхүү жил ирэх тусам санал өгч буй иргэдийн тоо өсөж байгаа. Гэхдээ энэ нь нийт саналын эрхтэй иргэдийн 46.21 хувьтай тэнцэж байгаа юм. 2022 оноос Сангийн яамны шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авч байгаа. Цаашид иргэдийн санал асуулгыг энэхүү шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан авч байх юм. Иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд ОНХС-ийн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР