Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгаа хийгдээд байгааг дурдаад, тэрхүү судалгаанд тулгуурлан танилцуулсан юм. “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Дунд хугацааны хөтөлбөр нь түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого, Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилгыг агуулсан байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг саналыг хэлж байлаа.
Иргэд болон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, инженерүүд та бүхэн “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-тэй дараах холбоосоор танилцах боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР