Байгалийн хий дамжуулах хоолой Төв аймгийн найман сумаар дамжин өнгөрнө
ОХУ-аас Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу байгалийн хий хоолой татах төслийн талаар гүйцэтгэгч байгууллага болох “Газопровод Союз Восток” ХХК-ийн төлөөлөл аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа болон хий дамжуулах хоолой дайран өнгөрөх сумдын удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, төслийн талаар танилцууллаа.
Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой нь 957 км үргэлжлэх бөгөөд манай аймгийн Борнуур, Баянчандмань, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумдын 318.3 км нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Уулзалтаар тус төслийн инженерийн судалгаа гүйцэтгэх зөвшөөрөл олгох, хий дамжуулах хоолойн ойролцоо орших нэгж талбаруудын эзэмшлийн болон зориулалтын талаарх мэдээлэл өгөх, дээрх ажлын зураг төсөл, судалгааны ажил гүйцэтгэх болон барилгын ажил гүйцэтгэхэд хамтран ажиллах хариуцлагатай албан тушаалтныг орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудаас тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Оллоо.мн