Д.Сүндийд оноосон 3 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Д.Баттөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Сүндий, Д.Баттөгс нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Г.Даваажавыг нотлох баримтыг устгасан, хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан, Т.Батсайханыг нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Даваажав, Т.Батсайхан нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял оногдуулсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жил хорих ялаар тогтоож, Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих, Г.Даваажавт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button