ОХУ нөхөрсөг бус харилцаатай улсуудын бараа бүтээгдэхүүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний барааны гарал үүслийн улс нь ОХУ-тай нөхөрсөг бус харилцаатай улсууд байх, мөн тэдгээр бараа бүтээгдэхүүн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд барааг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон байна.
Иймд барааг автомашинаар ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлж тээвэрлэх тохиолдолд ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1877 тоот тогтоолоор батлагдсан “Транзит тээврийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу цахим навигацийн хэрэгсэл болон түүнийг дагалдах бүртгэлийн талоны хамт транзит тээврийг гүйцэтгэж болно.
Үүний зэрэгцээ ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн улс нь ОХУ-ын хуулийн этгээд ба (эсхүл) хувь хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан улс орон, эсхүл уг шийдвэрт нэгдэн орсон улс орон байх, мөн тэдгээр бараа бүтээгдэхүүн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “ОХУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн зарим тусгай арга хэмжээний тухай” 391 тоот Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу устгалд оруулахыг ОХУ-ын Холбооны гаалийн албанаас анхааруулсан байна.
Иймд гадаад худалдаа эрхлэгч болон тээвэрлэгчдийг ОХУ-ын эрх зүйн зохицуулалтын дараах актуудыг судалж үйл ажиллагаандаа тусгахыг хүсье !
ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 8-р сарын 7-ны өдрийн 778 тоот «Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2014 оны 8-р сарын 6-ны өдрийн №560, 2015 оны 6-р сарын 24-ний өдрийн № 320, 2016 оны 6-р сарын 29-ний өдрийн № 305, 2017 оны 6-р сарын 30-ны өдрийн № 293, 2018 оны 7-р сарын 12-ны өдрийн № 420, 2019 оны 6-р сарын 24-ний өдрийн №293 болон 2020 оны 11-р сарын 21-ний өдрийн №730» тогтоолоор Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон тухай;
«ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6-р сарын 24-ний өдрийн 290 тоот зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарим зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай» ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн 1877 тоот тогтоолоор батлагдсан Транзит тээврийг хэрэгжүүлэх журмын 3 дахь хэсэг, бүртгэлийн талон олгох журмын 4 дэх хэсэг.
Оллоо.мн