Иргэдийн хүсэл ба МИК-ийн дарагуйлал

Иргэд орон сууцтай болох мөрөөдлийг МИК дарангуйлсаар ирснийг ипотекийн зээлтэй эсвэл тэрийг авах гээд бараагүй хүмүүс хамгийн сайн мэднэ. Бас мэдэрчихсэн.

 

Гэтэл одоо төрөөс иргэдээ орон сууцжуулахаар ажиллахтай зэрэгцэн давхар ашиг хүртэж ирсэн МИК /Монголын Ипотекийн Корпораци/-ийнхэн ихэд сандарч байна.

 

Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монгол банк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монгол банкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-иас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. МИК-ийн дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй” гэж мэдэгдсэн.

 

Үнэхээр ч МИК иргэдийг шулж байна гэхэд хилсдэхгүй үйл явц өнгөрсөн жилүүдэд бий болсныг анхаарах эзэнгүй явсаар өнөөг хүрчээ.

 

Хэрвээ МИК хоёрдогч зах зээлээс буюу хөрөнгө оруулалтын сангуудаас, хөрөнгө оруулагчдаас эх үүсвэрээ татаж байгаа бол хувьцаат компанийх нь хувьд харж, дүгнэж болох асуудал.

 

Харамсалтай нь төрийн 1  хувийн хүүтэй мөнгийг үйл ажиллаганы болон эрсдлийн хувиудыг нэмээд 6-8 хувиар олгож ирсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлэхээс аргагүй.

 

Уг нь 2013 оны 6 дугаар сард 8 хувийн хүүтэй зээл олгож эхлээд найман сард нь Монгол банк 320 тэрбум  төгрөгөөр 7000 гаруй зээлдэгчийн буюу өрхийн зээлийн багцыг худалдаж авч санхүүжилт олгож эхлэх үед хэвлэлүүд энэ асуудлыг хөндөж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүтэл Монгол банк 5 их наяд 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

 

Хэдийгээр зарим эдийн засагч Монгол банк байнга ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлбэл гажуудал үүснэ гэх нь ч бий. Мөн ОУВС ч гэсэн Монгол банкийг иргэн аж ахуйг дэмждэг, төсвийн энэ зардлаа боль гэж байгаад хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байдаг.

 

Гэхдээ л улсын төсөв дээр ч 2017-2019 онуудад нийт 342 тэрбум төгрөг тавьж, ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлсэн нь бий.

 

Төв банкны тухай хуульд ипотекийн санхүүжилтийг зогсоох тухай өөрчлөлт орсон ч цар тахлын хуулиар 2023 оноос Засгийн газар төсвөөсөө санхүүжүүлээд явах хүлээлттэй болчихсон. Тэгэхээр төр мөнгөнийхөө эх үүсвэрт хяналт тавих нь гарцаагүй. Харин нөгө талд хэвийн мэт явж ирсэн энэ зээл нь иргэдийг орон сууцжуулахаас илүү МИК-ийг санхүүжүүлж байсан нь тодорхой болж байна.  

ErenNews.mn

Б.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button