Ерөнхий сайд аа, бид ‘Цахим Монгол’ мөн үү?

“Цахим Монгол” болж байна гэж цар тахлын үед хүртэл хууль дүрмийг уландаа гишгэчин байж өөрсдийнхөө хүслээ биелүүлж тоглосон залуусын ажлын үр дүн өнөөдөр ч ийм байна.

 

Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх тухай мэдээлэл бараг сарын өмнө цацагдсан. Энэ мэдээлэлд ядарсан ардууд маань хөөрч, бараг л гэрээгээр яваад ажил амьдралаа дээшлүүлж буй юм шиг баярлаж хямралын энэ үед хэд хоног ч болов ийм мэдээллээр голоо зогоосон.

 

Гэтэл нидэр дээрээ “ТҮЙ” гэж нулимах ч багадахаар үйл явдал болж залуус бухимдалтай, зарим нь нүдэндээ нулимстай байна.

 

Орой ажил тараад харихад автобусны буудал, автобус, дэлгүүрт ч энэ сэдвээр ярьж байсан бол өглөө ажилдаа ирэх замд ч мөн л энэ сэдэв өрнөж байв.

 

Залуус гэрээгээр ажиллах гэж бүртгүүлтэл “УНШИЖ БАЙНА” гэж эргэлдсээр товлолт хугацаа нь дуусчээ. Залуусын энэ ярианы өнгөнд ямар их харуусал, гуниг, гутрал байна вэ.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг өчигдөр буюу 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00цагт нээж, квот дуусмагц бүртгэлийг автоматаар хаасан. Талхны таван төгрөгөөрөө шаардлагад нийцсэн зураг авахуулах, бичичг баримтаа хувилуулж оруулах гээд нэг хүнээс дор хаяж 5000 орчим төгрөгийн зардал гарсан гэхээр тодорхой хэмжээний мөнгийг ядарсан ардаасаа авчхаж байгаа юм.

 

Үнэндээ “Цахим Монгол”  гэдгээс нь яагаад ч юм, хэнээс ч юм ичээд ч байх шиг. Залуусын өмнө алдаа хйичихсэн ч юм шиг их муухай мэдрэмж төрөөд байна. Харин “Цахим Монгол” гэж хэрээ шиг гуагалсан нөхдүүд хэрхэж суугаа бол…

 

Хуучин шиг дугаарлаж зогсож байгаад бүртгүүлсэн бол өнөөдөр залуусын сэтгэл хэд хоног өөдрөг байх байсан нь ч мэдээж.

 

“Цахим” гэдэг үгийн цаана луйвар нуугдаж байдгийг ч “ХХҮЕГ-т Баяраагийн эгч нь ажилладаг юм билээ. Баяраа, Дөлөө, Энхүүш 2-ыг бүртгүүлчихсэн байна лээ ш дээ…Нвш гэж. Хэлээд байхад нь тоогоогүй юм аа. Гэхдээ маньд нь өгчих 50к байгаагүй л дээ…” гэх яриа ч баталж буй юм.

 

Нөгөөтэйгүүр 3.4 сая хүн амтай биднийг ингэж мунгинаж байхад тэрбумаар тоологдох хүн амтай улс орнууд жинхэнэ утгаараа цахимжчихаад байгаа шүү дээ.

 

Товчхондоо бол ороо бусгаа нийгмийн ааш араншинд балбуулж, унаж босож, сөгдөж сөхөрсөн ч амьдралынхаа төлөө өрсдийнхөө бор зүрхээрээ зүтгэж яваа залуусын сэтгэл зүйгээр наадах хэрэггүй гэдэг үгийг “Цахим хөгжил, харилцаа холбооны яам болоод Засгийн газрын тэргүүнд дайя.

 

ErenNews.mn

С.Цээл

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button