Улс төрийн намууд, иргэдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ирсэн саналын талаар хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ хуралдаж, улс төрийн намууд, иргэдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ирсэн саналын талаар хэлэлцлээ.

 

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-д улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг ирүүлсэн.

 

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамж гарсан. Ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Тухайлбал, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагыг оролцуулсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулсан юм. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм.

 

Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа.

 

Монгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар урьд өмнө байр суурь илэрхийлээгүй.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор иргэдээс ирсэн саналыг хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал гэдэгт бүлгийн гишүүд тодорхой саналуудыг хэлж, ажлын хэсгээс асууж тодруулсан. Иймд улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button