Г.Ёндон:Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэхгүй ч өсөх нь тодорхой

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шатахууны үнийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр “Шатахууны үнэ наадмын өмнө 900 төгрөгөөр нэмэгдэх талаар буруу мэдээлэл гарсныг тухайн мэдээлэл тавьсан сайт залруулсан байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл Монгол Улс, ОХУ-аас 500 төгрөгөөр хямд түлш хэрэглэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард “Роснефть” компанитай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хэлцэл хийж, шатахууны  үнийг 25 хувиар бууруулж, тухайн үед 1510 ам.доллар байсан шатахууныг 840 ам.доллар болгосон. Тэр үеэс эхлээд манайх ОХУ-аас хямд бензин хэрэглэж эхэлсэн. Зөвхөн АИ-92 бензинийг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ОХУ-д АИ-92 2800 төгрөг байхад,  манайд 2390 төгрөг байна. Манай дэд сайд хоёр удаа, миний бие арванхоёр, гуравдугаар сард хоёр удаа явж шатахууны үнийн асуудлаар уулзсан.  Энэ бүх хэлцэл, захианы хүчинд хямдралтай үнээр авсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлье гэх асуудал яригдаж байна. Мэдээж энэ саналыг тавдугаар сараас эхлэн тавьсан. Гэсэн хэдий ч ОХУ саналаа эцсийн байдлаар ирүүлээгүй байна.Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэхгүй. Үүнийг аж ахуй нэгжүүдтэй ярилцсан. Гол нь ОХУ-аас ирэх саналыг хүлээж байна. Орос манайд өгсөн 25 хувийн хямдралыг үргэлжлүүлээд олголоо гэхэд зах зээлд үнэ өссөн учраас одоогийнхоос өсөх нь тодорхой” гэв.

 

Зууны мэдээ сонин

Б.Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button