Ерөнхий сайд аа, төсөв бүрдүүлэгч хувийн хэвшлээ ад үзвэл төрийг хэн тэжээх вэ?

Монголоос өөр хувийн хэвшлүүдээ ад үзэж нийгэмд мешокдуулдаг төр засаг бусад улс оронд лав байхгүй. Уг нь хувийн хэвшлүүд улсынхаа татварын орлогыг бүрдүүлдэг гол цөм хүч нь. Өөрөөр хэлбэл төр засаг аль өнгөтэй өөдтэй яваа хувийн хэвшлийнхээ бизнесийг булааж авахын тулд эхлээд татварын өр зээлд унагаж, дараа нь банкны өр зээлээр дарамтлана. Адаг сүүлд нь эздийг нь олны өмнө нохой шиг хаяж тэднийг адгийн муу болгох компанит ажил хийж буйг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан.

 

Тухайлбал өчигдөр Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд “Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр тус “Монгол ган” төслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг нь /ТЭЗҮ/ боловсруулж батлуулсан “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижирийг тус хэлэлцүүлэгт оруулахгүй хэмээн угг ажлыг зохион байгуулж байсан хэсэг бүлэг хүмүүс увайгүйтэж олны зэмлэлийг хүртэв. Хэлэлцүүлгийг сурвалжлахаар очсон сэтгүүлчид ч эгдүүцэж ТЭЗҮ-ийг нь боловсруулж батлуулсан “Кью Эс Си” компанийн төлөөллийг яагаад хэлэлцүүлэгт оруулахгүй байгаа юм хэмээсэн. Тэгсээр Э.Шижирийг дотогш нь оруулсан бөгөөд сандалд сууж амжаагүй байхад нь түүнийг гарахыг анхааруулж байсан юм.

 

Энэ үеэр “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өгсөн юм.

 

Тэрбээр “Манай ъомпани “Монгол ган” төслийг хэрэгжүүлэхээр оноос хойш тасралтгүй ажиллаж,  2021 оны 9 дүгээр сард техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ батлуулсан. Ямар нэг тодорхой бодитой шаардлагагүй гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан. Үүнээс хойш гангийн үйлдвэр барихад ямар асуудал байна вэ, үүнийгээ тодорхой ярилцъя гэж хандсан. Гэтэл концессын гэрээг цуцалснаас хойш энэ асуудлаар тодорхой уулзалт хийсэнгүй. Өнөөдөр “Шинэ сэргэлт-Монгол ган” төслийн хэлэлцүүлэг болох гэж байна гэсэн.

 

Угтаа концессын гэрээний дагуу өнгөрсөн жил ТЭЗҮ-ээ батлуулсан юм. Үүнээс хойш инженерийн нарийн зураг дизайнаа шалгаруулах байдлаар ажил эрчимтэй явж байсан ч зогсонги байдалд орсон. Харин одоо ажил дахиад хэлэлцүүлгийн шатанд орсон нь жаахан харамсалтай байна. Энэ хэлэлцүүлэгт оръё, дуу хоолойгоо албан ёсоор хүргэе гэсэн ч танхимд эргэн оруулахгүй гэж байх шиг байна. Яг л бидний бэлтгэж, хянаж байсан танилцуулгыг энэ хүмүүс  ярилцаад сууж байна. Ямар ч байсан ярьж байгаа асуудлыг нь сайн сонсъё. Цаашдаа бид гангийн үйлдвэрээ барьж байгуулна гэсэн зорилгодоо хэвээр үлдэнэ. Энэ үүсээд буй асуудлын талаар бидэнтэй ярилцах байлгүй дээ гэсэн бодолтой байна”  хэмээсэн юм.

 

Тус компанийн хүссэн зүйл гэвэл төслийг хоёр талаасаа хэлэлцэж цааш үргэлжлүүлэхийг хүссэн ч төр тэднийг цүнх баригчдаараа дээрэлхүүлж төрийн төмөр нударга ямар байдгийг харууллаа.

 

Уг нь “Монгол ган” төсөл Ерөнхий сайдын ард түмэндээ өдөр шөнөгүй давтаж, чихэнд нь хоногштол ярьж буй “Шинэ сэргэлийн бодлого”-д тусгагдсан гол ажлынх нь нэг. Гэтэл төрийн нэр барьсан цүнх баригчид төслийг нь боловсруулж батлуулчихаад буй компанийн төлөөллийг хэлэлцүүлэгт оруулахгүй гэж чангааж буй нь төр засаг хувийн хэвшилдээ ямар дээрэнгүй байгааг харуулж байна.

 

Өөрөөр хэлбэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хорхойтой араанд зуугдсан, мянганы луйварчин гэж цоллуулах болсон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг /ДТҮ/ концессын гэрээгээр хэрэгжүүлж байсан муу нэртэй сахал Д.Эрдэнэбилэгийн ъомпани төрийнхний  хийж чадаагүй “Монгол ган төсөл”-ийнх нь ТЭЗҮ-ийг боловсруулсан байхад энэ ажлыг гардаж хийсэн хүмүүсийг нь хөөж буй нь шившиг гэж олон нийт сошиалаар шуугьж байна. Тиймээс л нийтлэлийн эхэнд дурдсанчлан Монголоос өөр хувийн хэвшлүүдээ ад үзэж, хөөж туудаг улс орон хаана ч байхгүй гэж хэлсэн хэрэг.

 

Эцэст нь Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, хувийн хэвшлээ ад үзсэн цүнхчиддээ хэзээ хариуцлага тооцох вэ.

 

ErenNews.mn

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button