Ойн гавьяат ажилтан Б.Жамсран, малчин Д.Шоовой, АЖ Д.Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.


\

Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ойн салбарыг хөгжүүлэх үйлсэд эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр зүтгэлээ 50 шахам жил зориулахдаа Дархан цаазат Богд хан уулын хөвч ойн хамгаалалт, арчилгааг гардан зохион байгуулж, түймэрт өртсөн Тужийн нарсан ойд 20 сая гаруй мод тарьж ургуулан улсын ойн санд хүлээлгэн өгч, ойн нөөцийг нэмэгдүүлсэн нөр их хөдөлмөр, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орныг хамгаалах бүтээлч санал, санаачилга, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, чадавхжуулсан хичээл зүтгэл, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын мод үржүүлгийн газрын дарга асан “Ой, ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.


\

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Доржсүрэнгийн Шоовойд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

 

Хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөж, уламжлалт аргаар мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг өсгөхөд идэвх санаачилгатай ажиллаж, төл малын амьдын жинг улсын дунджаас 60 хувиар нэмэгдүүлж, ноос, ноолуурын төлөвлөгөөг удаа дараа давуулан биелүүлж, залуу малчдад мал маллах арга ухааныг өвлүүлж, зааж сурган, мал аж ахуйн үйлдвэрлэл, түүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ахмад малчин, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Доржсүрэнгийн Шоовойд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

 

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button