Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, түрээсийн орон сууцны сонголт, менежментийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлд зочилж, тус байгууллагын гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуй-тэй уулзлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлтэй ярьж тохиролцсон зүйлс бодитоор хэрэгжиж байгааг дурдаад Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологийн туршлагаас суралцах, түрээсийн орон сууцны зорилтот бүлгийн иргэдийн сонголт, менежментийн арвин туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

\

Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл нь 1960 онд байгуулагдсан бөгөөд Сингапур Улсын Үндэсний хөгжлийн яамны хэрэгжүүлэгч агентлаг юм. Сингапурын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангаж, тохилог амьдрах орчин бүрдүүлэх зорилготой уг зөвлөл нь өнөөгийн байдлаар нийт нэг сая гаруй орон сууцыг ард иргэддээ нийлүүлжээ. Сингапурын хүн амын 80 гаруй хувь нь Орон сууц, хөгжлийн зөвлөлийн байгуулсан нийтийн орон сууцад амьдардаг төдийгүй оршин суугчдын 90 орчим хувь нь орон сууцаа өөрийн эзэмшлийн болгож чадсан байна. Чингэхдээ Сингапурын Хуримтлалын төв сангийн тэтгэврийн хуримтлалын хөрөнгийг ашиглан иргэд өөрийн орон сууцаа худалдан авах боломж бүрджээ.

Сингапур Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд санамж бичиг байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг  өндрөөр үнэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ.

Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ-аас хариуцахаар тусгажээ.

\

\

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button