Дэлгэр зуны нарлаг талдаа дэнж хотойтол сайхан наадаарай

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан, тэнгэр заяат, босоо хийморьт ард түмэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, өөдрөг сайхан өнгөтэй, өв эв тэгшхэн наадахыг ерөөе.

Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Үндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгарах, дэлхийд үүх түүхээрээ танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн маань энэхүү баяраа дэлгэр зундаа хотол түмнээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай суу билэгт ард түмэн билээ.

Даяаршилын эрин үед өөрсдийгөө мэдэж, өрөөлийн соёлд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь Монгол өв соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн юм. Цаг түүхийн энэ үед тив дэлхийгээр таран суугаа Монголчууд маань тус тусын газраа эзэнт гүрнээсээ өвлөгдөн хадгалагдаж ирсэн энэхүү үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж буй нь юутай сайхан, юутай гайхам гэж санана.

 

Улс үндэстний оршин тогтнохын үндэс бол тухайн үндэстний  тэмүүлэлт чанар юм. Хүн гүрний үеэс оршин тогтнож, тал нутгийн эзэн, нүүдэлчний соёл иргэншлийн эх булаг болсон Монгол хүний тэмүүлэл үргэлж мандан бадрах болтугай. Бидэнд өвөг дээдэс, өв уламжлал, их түүхийг минь сануулж, биднийг Монгол хүн гэдгийг мэдрүүлдэг Үндэсний их баяр наадмаараа  Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, түүх заншлаа энэ чигээр нь хадгалж, төгөлдөр сайхан наадаарай.

 

Та бүхний минь дэмжсэн бөх нь даваатай, тавьсан сум нь оновчтой, уралдуулсан буян нь хурдан байх болтугай. Хотол олноороо сайхан наадахын өлзий дэмбэрэлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Olloo.mn сайтын хамт олноос

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button