Намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулган баяр наадмын өмнө хаалтаа хийлээ.  Хаврын чуулган ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөсөн юм.

2022 оны хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

1. Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан. Инфляцыг бууруулах, үнийн өсөлтийн иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг мөн байгуулсан. Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх, иргэдийн амьжиргаа, орлого, худалдан авах чадвар, хөдөлмөр эрхлэлтийг эрсдэлээс хамгаалах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, Засгийн газарт үүрэг чиглэл өгөх чиглэлээр ажиллах юм байна.

2. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлав. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд санхүүгийн сахилга батыг чанд сахих асуудлыг тусгайлан журамлаж, хангамж үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлсон. Мөн үрэлгэн байдлыг хязгаарлах, бүх шатанд  хэмнэлтийн горимыг мөрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Энэ хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх ёстой. Хуулийн хэрэгжилт хэр үр дүнд хүрч байгааг шалган дүгнэж, намрын чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

3. Хүн амаа цэвэр, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангах нь манай улсын үндэсний аюулгүй байдлын нэг гол баталгаа мөн. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай” тогтоолыг УИХ хэлэлцэж баталсан. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлж чадвал хүнс үйлдвэрлэгчдээ урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, мэргэжлийн чадварлаг хүний нөөцтэй болж, мал амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс ангижирч, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох зорилт хангагдана.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг холбогдох бүх байгууллагууд, ард нийтээрээ бүрэн дэмжиж, идэвхтэй, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Чуулганы төгсгөлд 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Намрын ээлжит чуулганаар

– “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд

– “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд

– “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

– “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

 “Зууны мэдээ” сонин

Т.Сайхан

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button