Ерөнхий сайд аа, Монгол төгрөгийн ханш суларсаар, монголчуудын амьдрал уруудсаар байх уу

 Монгол банкны үндсэн үүрэг, зорилго нь улсынхаа мөнгөн тэмдэгт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Гэтэл өдгөө төгрөгийн ханш суларч Монгол төгрөг цаас болох нь. Үүний  нэг нотолгоо нь баяр наадам алсрахтай зэрэгцээд АИ-4210 төгрөг, дизель түлш 4030 төгрөг болж нэмэгдсэн явдал.

 

Ард иргэдийн зүгээс импортлогч компаниудыг буруутгасан бол үнэн хэрэгтээ бензиний үнэ өсөөгүй төгрөгийн ханш суларсан бөгөөд доллараар худалдан авалт хийдэг учраас ханшийн зөрүүнд орж үнээ нэмчхээд байгаа юм.

 

Товчхондоо бол Засгийн газар инфляцийн өсөлтийн эсрэг дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа тул экспортын орлого хумигдаж ам.доллар 3000-ыг давж валютаар худалдаа хийх бүрд төгрөгийн ханш суларч байна гэсэн үг.

 

Тэгвэл Засгийн газар, Монгол банк хоёр яагаад ажлаа хийхгүй, төгрөгийн ханшийг тогтворжуулах тухайл хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа юм бол…

 

Уг нь “Засгийн газрын 161 дүгээр тогтоол баталж АИ-92 бензиний гаалийн татварыг 2022 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл, дизель түлшний онцгой албан татварыг 2022 он дуустал тэглэсэн. Үр дүн нь АИ-92 бензин 1л тутамдаа 1200 төгрөгөөр, дизель түлшийг 600 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс хамгаалсан” гэж хөөрцөглөж байсан нь саяхан.

 

Тэгвэл өнөөдөр 1тн АИ-92 бензинийг 840 ам.доллараар авч борлуулж байгаа. Энэ үнэ нь дэлхийн зах зээлийн ханшаас даруй 26-30 орчим хувь хямд гэсэн үг бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт “Болдог юм болдгоороо боллоо…” гээд АИ-92 шатахууны үнийг нэмэх нь ч тодорохой. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр АИ-92 бензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн..” гэх мэдээллийг албаны эх сурвалж цахим орчинд цацсан ч тун удахгүй нэмэгдэж л таарна. Шалтгаан нь нөгөөх л төгрөгийн ханшийн сулрал байх нь мэдээж.

 

Товчхондоо бол Монгол банк, Засгийн газар хоёр төгрөгийн ханшийг тогтвортой байх тал дээр ажиллахгүй байгаа болохоор монголчууд энэ намар шинэ ургацын ногоо, гурилаа үнэтэй идэх дүр зураг харагдаад эхэлчихсэн гэсэн үг.

 

Тэгээд ч АИ-95, 98 хэрэглэдэг хүмүүст үнийн өсөлт тийм ч их нөлөөлөхгүй. Дизель түлш хэрэглэгчид завгүй учраас жагсаж хэл ам хийхгүй гэж харж буй бол ёстой андууосан асуудал. Учир нь газар тариалан, аялал жуулчлалын салбарынхан амаа үдүүлчихсэн мэт дуугүй байхгүй нь мэдээж.

 

Тур тусмаа төгрөгийн ханшаа тогтвортой байлгаж чадахгүй байгаа Монгол банк, Ерөнхий сайд хоёроос хатуухан хариуцлага нэхэж л таарна.

 

Улс орноо товхинуулах элдэв ажил бий нь мэдээж. Гэхдээ тэдгээрээс нэн түрүүнд төгрөгийн ханшийг тогтвортой байлгах тал дээр ажиллах нь чухал. Учир нь төгрөгийн ханш бол улс орны уруудах, үл уруудахыг шийдэх асуудал. Тиймээс л төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, бүр чангаруулах учиртай юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button