Бидэнд ‘тэг’ инфляц хэрэгтэй юу

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хэрэглэгчдийн худалдан авах чавдар буурснаар эдийн засгийн таагүй нөхцөл тохиож буйг толгой дараалан хэлэлцэх болжээ.

 

Эдийн засгийн сул дорой байдал нь төр засгийн байдлыг хүртэл ажин түжин, түгшүүртэй болгож, нийгмээрээ уруудах шинжтэй болж байна. Дээрээ суудлаа олохгүй бол дороо хөлөө олохгүй гэдэгчлэн явуургүй төсвийн зарцуулалт иргэдийн амьжиргааг доош чангааж байгаа нь энэ.

 

Ийнхүү барааны үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсанд иргэдийн дунд социализмын үед сайхан байж, чөлөөт нийгэм биднийг ядрааж бас сульдааж байна гэх яриа газар авах болсон. Манай улсад инфляцийн түвшин 15 хувьд хүрчихсэн байхад ийнхүү иргэд ундууцах нь зүйн хэрэг.

Харин огт инфляцгүй байх нь ч бас сайн үр дүн үзүүлдэггүй байна. Өөрөөр хэлбэл инфляц нь үйлдвэрийг урамшуулагч хамгийн том хүчин зүйл болдог. Тогтсон хэмжээний инфляц байх нь дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, эдийн засаг тэлэхэд шууд нөлөөлдөг байна.

 

Нөгөө талаараа улс орон бүр эдийн засаг, улс орны хөгжлийн түвшний ялгаатай бодлого, стратеги баримталдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэгч орон бус, импортлогч орон тул инфляц биднээс хамааралгүйгээр өсөх үзэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг.

 

Гэсэн ч 2022-2024 оны мөнгөний бодлогод инфляцийг 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар төлөвлөсөн. Харин одоогоор хамгийн багаар бодоход 7 хувиар хэтэрчихсэн байгааг зөв гэх үндэслэл байхгүй. Үүнд холбогдох хүмүүс эрх үүргийнхээ хүрээнд заавал анхаарах ёстой.

 

Гагцхүү инфляцийг зорилтот түвшинд барьж чадвал ашигтай тал ч бас байдаг байна.

ErenNews.mn

Н.Элбэгжаргал
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button