Бид өөрсдөө аялал жуулчлалын салбарын дайсан

Манай улс байгаль цаг уурын өвөрмөц онцлог, нүүдэллэн амьдрах дэлхийд ховор амьдралын хэв маяг, түүх соёлын дахин давтагдашгүй байдал гээд гадны жуулчдын чихийг дэлдийлгэн, нүдийг хужирлах баялаг өв сантай орон.

 

Гагцхүү гадны иргэдэд үйлчлэх соёл, дэд бүтэц, үйлчилгээний тал дээр муу дүн авдаг.

 

Гэвч аялал жуулчлалын салбар зөвхөн гадны иргэдэд зориулагддаг уу гэвэл үгүй. Дотоодын аялал жуулчлал энэ салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл бидний хамгийн том дутагдал нь зөв зохистой аялж чаддаггүй явдал бөгөөд товчхондоо бол байгаль орчинтойгоо эрүү харилцах энгийн ухаан нь “тэг” заачихсан гэсэн үг.

 

Эх орныхоо байгалийн сайхныг үзэж, аялал жуулчлалдаа хөрөнгө оруулж байгаа нь сайн тал ч, ганц удаагийн аяга шиг ганцхан удаа үзээд хаячих сэтгэлээр ханддаг нь хамгийн эмзэглэмээр.

 

Аялагчид ирээд буцсан газар хог, шороогоор дүүрсэн байх төдийгүй бие засах газар байсан байгаагүй байгалийг “Ил жорлон” болгон ашиглаж, гол усыг бохирдуулж, хэрэглэсэн 00-ийн цаасаа хаяж, холоос харахад цагаан цэцэгс бүхий талбай шиг болгодог. Уг нь бол бид эх орноо хайрлаж хамгаалахаа хүнээр заалгахгүй, гагцхүү бидний үүрэг, хариуцлага шүү дээ.

 

Жил бүрийн аялагчдын маршрут Манзуширын хийд, Тэрэлж, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Тайхар чулуу, Хөвсгөл далай гээд Монгол орны өнцөг булан бүрт чиглэдэг. Аялал жуулчлалын зориулалтаар хөгжөөгүй, байгалийн онгон дагшин байдлаа хадгалсаар байгаа зарим газар нь хүртэл хүний хөлд дарагдан, явах замгүй болтлоо хог, ялгадсаар дүүрсэн байх нь ч бий. Үүнээс улбаалан байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газрууд бохирдож, ойр орчмын малчид ард иргэд, мал ахуйд ч сөргөөр нөлөөлдөг.

 

Төлбөрөө төлсөн юм чинь яаж ч амарсан хамаагүй гэсэн шиг хүйтэн сэтгэлээр хандаж, байгаль дэлхий байдаг бүхнээ булингартуулж байгаа нь аялал жуулчлалын салбартаа дайн зарлаж буйтай агаар нэг үйлдэл юм.

ErenNews.mn

Н.Элбэгжаргал
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button