Сингапураас “зуурах” нь ямар хэрэгтэй гэж?!

Монголд гийнгоон дуу хадаж, наадмын агаар орчихсон, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн төрийн шагнал мөндөртсөн үе. 2022 оны долдугаар сарын 6-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлалаар Сингапур улсад буув. Энэ нь түүний Ерөнхий сайд болсноос хойшх албан ёсны анхны айлчлал аж. Өмнө нь олимп далимдуулж Япон, Хятадад ажиллажээ.

Төв Азийн өндөрлөг дэх Монгол маскаа “мартсан” нь Зүүн Өмнөд Азийн Малайн хойгийн өмнөдөд орших Сингапурт буухад шууд мэдрэгдсэн. Сингапурын бүгчим, чийглэг, тэгээд халуунд цар тахлаас хамгаалах зузаан маск зүүх ч айлчлалын багийнханд амаргүй байх шиг байсан. Гэвч дэлхий нийтээр масктайгаа л байгаа нь тэндээс мэдрэгдэв. Цар тахлаас хамгаалах дүрэм журам нь ч хатуу чанад хэрэгжиж буй аж.

Сингапур 700 гаруйхан км.кв газар нутагтай. Манай хамгийн бага газартай Орхон аймгаас 100 гаруй км.кв-аар бага. 5.5 сая хүн амтай. Хүн амынх нь 34 хувь буддист, 19 хувь нь христ, 14 хувь нь муслим, 11 хувь нь таоист, 5.2 хувь нь хинди шашинтай. Жижигхээн арал дээрх дэлхийд цөөхөн хот улсын нэг юм. Гэсэн ч өнөөдөр тус улс нь дэлхийн худалдааны томоохон зангилаа, технологийн төв, хөгжлийн загвар нэгэнт болжээ.

Сингапур улсын хувьд парламентын бүгд найрамдах засаглалтай. Сонгуулийн холимог системтэй. Олон намын тогтолцоотой. Өнгөрсөн оны статистик мэдээллээр 378.62 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Сингапурын эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд 7.6 хувь байсан. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2020 онд эдийн засаг нь агшсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Ерөнхий сайдын тухайд 2019 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа тус улсад ажлын айлчлал хийж байжээ. Тэр үед очихдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын чиг хандлага, хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан ухаалаг хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус улсын арвин туршлага, цогц шийдлүүдтэй танилцаж байжээ. Тодруулбал, тэр айлчлалынхаа хүрээнд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл, Хуримтлалын төв сан, Хамтын ажиллагааны байгууллага болон Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Ухаалаг орон, дижитал засгийн газрын удирдлагуудтай уулзаж байжээ.

Түүнээс хойш хамтын ажиллагаатай байж иржээ. Тухайлбал, Сингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж ирсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапур улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож байсан. Тэгэхээр тухайн үед ЗГХЭГ-ын даргын хувиар ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ Ерөнхий сайдын  хувьд баталгаажуулахаар айлчилжээ гэхэд болно. Айлчлалынхаа бүрэлдэхүүнд ч яриа тохироог гардаж хэрэгжүүлэх субьектуудыг голчлон багтаасан байв. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, ХНХ-ын сайд, БХБ-ын сайдаас гадна Улаанбаатарын хотын ЗДТГ-ынхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан.

Ер нь бол Орос, Хятадын дунд орших буфер улсын Ерөнхий сайд дэлхийн ийм савлагаатай үед аль улсад ямар хэмжээнд айлчлах вэ гэдэг геополитиктой шууд холбоотой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт айлчлахынхаа өмнөх өдөр Монголд айлчилж буй Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтай уулзсан. Түүгээр хэд хэдэн асуудал яригдсан. Орос дэлхийн анхааралд байгаа цаг үе учраас олон улсын хэвлэлүүд энэ мэдээлэлд нэлээд ач холбогдол өгсөн харагдсан.

Харин энэхүү уулзалтын маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар хийж буй айлчлалаа эхлүүлсэн нь энэ.

Ли Сүен Лүн нь 2004 оноос Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж буй юм. Тэрбээр 1984 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдсон. Өдгөөгийн Сингапурыг үндэслэгч гэгддэг, анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн ууган хүү.  Ли Сиен Лүн Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Монголын гурав дахь Ерөнхий сайдыг албан болон ажлын айлчлалаар хүлээн авч байгаа нь энэ аж.

Ли Сүен Лүнийг Ерөнхий сайд болсных нь дараа жил буюу 2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус улсад ажлын айлчлал хийж байсан. 2011 онд Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор айлчилж байжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан ёсны айлчлал энэ төвшинд тус улсад Монголын талаас хийж байгаа 11 жилийн дараах айлчлал болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр уулзаж, хэлэлцээ хийв.

Тэр үеэр Сингапурын  мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв. Сингапурын Хуримтлалын сангийн туршлага, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур улстай хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд Сингапурын “Темасек” олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөлзэрэг байгууллагад зочилсон. Түүнчлэн Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, дээрх чиглэлээр хамтран ажиллах, Сингапурын туршлагыг хуваалцах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрсэн.

Улмаар хоёр талын хамтын ажиллагааны дөрвөн санамж бичиг байгууллаа.

Манай ХНХЯ, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” баримт бичиг байгуулав.

Бас “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай БХБЯ, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага хоорондын санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас  буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.

Үүнээс гадна “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн“Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах” зорилтын хүрээнд Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах,олон улсын жишигт нийцүүлэх, манай төрийн өмчит нэг компанийг тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийг сонгон загвар маягаар техникийн зөвлөгөө авах чиглэлд хамтран ажиллах саналыг Сингапурын талд тавьсан юм. Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон тус улсын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналыг илэрхийлсэн.

Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, “Темасек” олон улсын сангийн дэмжлэгтэйгээр манай төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, энэхүү уламжлалт хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэхээр тохиров.

Базаад хэлэхэд, Ерөнхий сайд энэ айлчлалаараа Сингапурын хуримтлалын сангийн туршлага, менежмент, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, “МИАТ” компанийг сонгон загвар маягаар хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэргээр ЗГХЭГ-ын дарга байхдаа ярьсан зүйлүүдээ нэг мөр болгож шийдэх шиг боллоо. Цаашлаад энэ бүхэн Ерөнхий сайдын өөрийнх нь авлигын эсрэг үйл ажиллагаатай холбогдоод байх шиг байгаа юм.

Учир нь Сингапурын “эцэг” хэмээгддэг Ли Куан Ю байгалийн баялаггүй, жижиг буурай орныг яаж оргилд гаргасан нь өнөөдөр дэлхийн удирдагчдын “цагаан толгой” болж байна гэхэд хилсдэхгүй. Тэр удирдагч Сингапурыг ийм богино хугацаанд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай, төр засаг нь тогтвортой хөгжсөн шалтгаан нь “MPH”-ыг хэрэгжүүлсэн гэдэг. Энэ нь хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоо буюу Meritocracy, шаардлагагүй зүйлд цаг алдаад байдаггүй буюу нэгэнт бүтээчихсэн дугуйг дахин бүтээх гэж цаг алддаггүй Pragmatism, шударга зарчим буюу Honesty юм. Энэ гурвыг хэрэгжүүлж өнөөгийн Сингапурыг бүтээжээ.

Тэр дундаа Ли Куан Ю  “Нийгмийн хамгийн том гай зовлон бол хээл хахууль” хэмээдэг байжээ. Тэрбээр “Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж нэг бус удаа хэлж байв. Үнэхээр ч Ли Куан Ю авлигатай холбогдсон хэнийг ч хайрлаагүй. “Авлигыг устгахыг хүсч байна уу. Тэгвэл эхлээд гурван сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа, тэд ч өөрсдөө ойлгож байгаа” гэсэн алдарт үгийг нь бид мэднэ.

Нэгэнт ийм хатуу чанга хяналт тогтоосны дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Хөрөнгө оруулалт татахын тулд гадаадын компаниудад ажиллах таатай орчин бүрдүүлж өгсөн гэдэг. Ингэснээр Сингапурт ажлын байр олноороо бий болж, барууны компаниуд татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүч гэсэн өртөг багатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болжээ. Бас боловсролын системээ шинэчилж, өндөр технологийн салбараа ихээхэн хүч гаргаж хөгжүүлсэн байдаг. Түүнчлэн ашиг өгдөг улсын компаниудад ач холбогдол өгсөн. Улсын статустай анхны  компаниудын нэг “Singapore Airlines”-ийг аваад үзэхэд аль хэдийнэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болсон. Тийм компаниудынхаа удирдлагыг байн байн сольдоггүй, нөгөөдүүл нь үнэнч шударга ажиллах зарчимтай байдаг аж.  Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын Сингапураас “зуураад” байгаа нь дээрх хэдэн учир шалтгаантай хэмээн ойлгогдов.

 

“ЕРӨНХИЙ САЙД ЛИ СИЕН ЛҮН: СИНГАПУР, МОНГОЛ ХОЁР УЛС ХЭЦҮҮ ҮЕД БИЕ БИЕЭ ДЭМЖИЖ БАЙСАН”

\

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын талаар Сингапурын өдөр тутмын “The Straits Times” сонин хэд хэдэн мэдээлэл нийтэлжээ. 2022 оны долдугаар сарын 8-ны дугаарт тус сонины ахлах сурвалжлагч Чин Су Фан “Ерөнхий сайд Ли Сиен Лүн: Сингапур, Монгол хоёр улс хэцүү үед бие биеэ дэмжиж байсан” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Сингапур, Монгол хоёр улс хэцүү үед бие биенээ дэмжиж ирсэн гэж Ерөнхий сайд Ли Сиен Лүн мэдэгдэв” гээд “2020 онд цар тахлын үед “Темасек” сангаас Монгол Улсад тестийн багц хандивласан. Монголын Засгийн газар эргээд Сингапурын эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнуудад хариу бэлэг ирүүлсэн нь тэдэнд маш их урам зориг, урам зориг өгсөн” гэж тэр нэмж хэлэв. Ерөнхий сайд Ли Сиен Лүн Сингапурт дөрөв хоногийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх албан ёсны үдийн зоог дээр үг хэллээ. Тэрбээр “Хоёр орон олон улсын худалдааг ахиулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дүрэм журамд суурилсан олон талт нээлттэй тогтолцоог дэмжих нэг зорилготой юм. Мөн хоёр улс бие биенийхээ давуу талыг нөхөж байна” гэж нэмж хэлэв. “Жишээ нь, Монгол Улс байгалийн асар их нөөцтэй байхад Сингапур нь харилцаа холбоо сайтай. Монголын экспортыг манай бүс нутаг болон бусад орнуудад хүргэх төв, гарцыг санал болгож байна” гэж тэр хэллээ.

Ноён Ли Сиен Лүн хэлэхдээ “Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 1600 гаруй албан тушаалтныг хүлээн авч, санхүү, эдийн засгийн хөгжил, хэл ярианы ур чадвар, төрийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж, туршлагаа солилцлоо. Цаашдаа энэ хөтөлбөрт Монголын төрийн олон алба хаагчид оролцохыг хүлээж байгаа” гэв. Мөн “Бид харилцаагаа хөгжүүлэх сайн суурьтай. Цар тахлын дараах дэлхий дахины сэргэлтэд манай хоёр улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар лхагва гарагаас бямба гаригт Сингапурт албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Түүнээс хойш Сингапурт хийж буй анхны айлчлал нь юм. Түүнтэй хамт Монголын хэд хэдэн сайд, УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд явж байна.

Л.Оюун-Эрдэнэ үдийн зоог барих үеэр хэлсэн үгэндээ “Сингапур, Монгол Улс хоёр жилийн өмнө дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байсан. Харин худалдааны төлөөлөгчдийн тухай 700 гаруй жилийн өмнө түүхэн харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн. Өвөг дээдсийн маань 700 жилийн өмнө эхэлсэн харилцаа маш хурдацтай хөгжиж ирсэн. Өнөөдөр Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь Монголын найдвартай түнш, манай тав дахь том хөрөнгө оруулагч, АСЕАН-ы худалдааны гол түнш болсон” гэв. “Газарзүйн хувьд бие биеэсээ алс хол хэдий ч хоёулаа нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцол, хамтран ажиллах хүсэл эрмэлзлээрээ холбогддог” гэж тэр нэмж хэлэв.

Тухайлбал, 2016 онд Ерөнхий сайд Ли Сиен Лүний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон иргэд харилцан визгүй зорчих болсон нь хоёр улсад улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт томоохон түлхэц өгсөн. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны "Алсын хараа-2050" бодлогод 2050 он гэхэд хөгжлөөр бүс нутгаа манлайлах алсын хараагаа тодорхойлсон. "Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн удирдлага дор хэрэгжиж буй Сингапурын хөгжлийн загвар нь дэлхийн олон улс орны хөгжилд урам зориг, эрч хүч, туршлага болж байна" гэж ноён Л.Оюун-Эрдэнэ нэмж хэлэв.

Баасан гаригийн өглөө тэрбээр Истанад Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй уулзахын өмнө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдди Теотай утсаар ярьжээ.

“Ноён Эдди Тэо, ноён Л.Оюун-Эрдэнэ нар хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, тэтгэврийн сангийн бодлого, нийтийн орон сууц зэрэг харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцсэн” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бямба гаригийн өглөө Сингапураас эх орон руугаа мордоно” гэжээ.

 “Зууны мэдээ” сонин

Б.Төмөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button