Цахимаар саналаа өгөх боломжийг хүн бүрт олгоё

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн Б.Сайханбилэг өдгөө 21 настай. Тэрбээр гурван жилийн өмнө оюутан болж хотод анх ирсэн. Харьяалал нь сумандаа учир 18 хүрснээс хойш нэг ч удаа сонгуулиа өгч чадаагүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу 2021 оны зургадугаар сарын 09-ний лхагва гарагт бүх нийтээрээ амарсан ч санал өгөхийн төлөө 500 гаруй километрийг туулах тийм амар биш. Мөн шинэхэн оюутны хичээл амраагүй байсан учир тэр хотод үлдэх шийдвэрийг гарган саналаа өгч чадаагүй юм. Б.Сайханбилэг бол эрүүл, ямар нэгэн өвчин зовиургүй иргэн зөвхөн бүртгэлтэй газраа саналаа өгөх ёстой гэсэн хуулийн дагуу сонгуульдаа оролцож чадаагүй үлдсэн мянга мянган залуусын төлөөлөл. Заавал харьяалалтай газраа өөрийн биеэр очиж саналаа өгөх ёстой гэсэн энэ хатуу зарчим залуусын сонгуульд оролцох оролцоо, идэвхи болоод улс төрийн итгэл үнэмшлийг мохоох томоохон хүчин зүйл болж байгааг олон судалгаа харууллаа. Энэ сэжүүрээс үүдэн бид Монгол Улс залуусынхаа сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд урьдчилсан санал хураалт, цахим санал хураалт гэсэн санал өгөх олон хувилбарыг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой, үр дүнтэй шийдвэр мөн гэдгийг хөндөн бичихийг зорилоо. Монгол Улс залуус олонтой учраас тэдний оролцоо сонгуулийн үр дүнд хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс  залуусын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд анхаарах нь төрийн хамгийн чухал асуудал юм.

 

“ХОТОД АМЬДАРСНААСАА ХОЙШ НЭГ Ч УДАА САНАЛАА ӨГӨӨГҮЙ”

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар сонгуулийн насны хоёр сая 41 мянга 85 /2041985/ иргэн бүртгэлтэй байгаагийн 44 хувийг 18-34 насны залуучууд эзэлж байна. Тодруулбал, манай улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд байгаа юм. Гэтэл хамгийн сүүлийн 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн 18-34 насны сонгогчдын ирц 50 хувь байгаа нь 35 ба түүнээс дээш насны сонгогчдын ирцээс найман хувиар бага байна. Мөн сонгуулийн хамгийн өндөр ирц болох 65-69 насны сонгогчдын ирцийн 77 хувиас 27 хувиар бага байлаа. Ийн залуу сонгогчдын ирц бага байгаад юу нөлөөлж байгаа талаар олон судалгаа гарчээ. Тэдгээрээс сонгогчдын саналаа өгдөггүй гол шалтгаануудын нэг нь хаягийн бүртгэлтэй холбоотой зөрчил гэж гарчээ. Тодруулбал, улс төр судлаач, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайханы хийсэн судалгаагаар УИХ-ын сонгуульд саналаа өгөөгүй нийт сонгогчдын 18 хувь нь иргэний үнэмлэх дээрх хаягаасаа өөр газар оршин сууж байсан тул саналаа өгч чадаагүй гэж хариулсан байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяалалтай 26 настай иргэн С.Бүүвэй “Би их сургуулиа төгссөнөөс хойш Улаанбаатар хотод ажиллаж байна. Хотын харьяалалтай болно гэдэг маш хэцүү учир одоо хүртэл хуучин хаяган дээрээ байгаа. Тиймээс хотод амьдарснаасаа хойш нэг ч удаа сонгуулиа өгч  чадаагүй. Манай сум хотоос  хол учир нэг өдрийн чөлөөгөөр очиж амжихгүй. Ирэх очихийн хоёр өдөр болдог. Сонгуульдаа оролцож иргэний үүргээ биелүүлмээр байдаг ч харьяаллын улмаас саналаа өгч чаддаггүйдээ харамсдаг. Өөрөө саналаа өгөөгүй учир бусдын сонгосон хүнийг шүүмжлэх ч эрх байхгүй. Хэрэв саналаа зайнаас эсвэл урьдчилаад өгч болдог бол сонгуульдаа идэвхитэй оролцох хүсэл их бий” гэж бидэнд ярилаа.

 

БАЙГАА ГАЗРАА САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖИЙГ СОНГОГЧДОД ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

\

\

Хүн амын ихэнх хэсгийг эзэлдэг 18-35 насныхны ердөө хоёр хүн тутмын нэг нь саналаа өгч, сонгуулийн оролцоо хангалтгүй байна гэж шүүмжлэх атлаа бид тэднийг сонгуулиа хаанаас ч өгөх боломжоор хангаж чадаагүй байгаагийн баталгаа нь энэ юм. Мөн “Конрад Аденауэр Сан”-гийн дэмжлэгтэйгээр  17-26 насныхныг хамруулан хийсэн “Z үеийн залуучуудын улстөрийн оролцоо” судалгааны оролцогч инженерийн мэргэжлийн оюутан 19 настай эрэгтэй “Уг нь сонгууль, улс төр ямар чухал вэ гэдгийг мэднэ. Гэхдээ сонгуулийн насанд хүрэхэд хотод оюутан болчихсон хичээлдээ сууж байсан. Тэр сонгууль орон нутгийн төлөөлөгчдийг сонгох сонгууль байсан юм. 10 сард хичээлийн дундуур нэг өдөр амрахад Завхан руу очиж саналаа өгчихөөд буцаж ирээд маргаашийнхаа хичээлдээ сууж чадахгүй. Манай ангийнхнаас Улаанбаатартай ойр аймагт гэр нь байдаг хүүхдүүд зарим нь очиж саналаа өгсөн” гэж ярьжээ.

Тэгвэл үүнийг шийдвэрлэх ямар гарц байгаа талаар доктор (PhD), дэд профессор Н.Мягмарцоож “Санал хураалтын янз бүрийн зохион байгуулалтын загвар нь сонгогчдын ирцэд нөлөөлдөг. Үүнд санал өгөх өдөр, технологийн боломж, урьдчилсан санал хураалт, шуудангаар болон цахимаар санал өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр санал өгөх зэрэг олон асуудал нөлөөлж болно. Тухайлбал, 2021 оны сонгуулийн хувьд улс нэг тойрог гэсэн зарчмаар явагдсан хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар өөрийн үндсэн харьяаллаас өөр газар сонгууль өгөхөөр бол шилжилт хийх тухай заасан нь олон залуу сонгогчийг сонгууль өгөх боломжгүй болгоход нөлөөлсөн байж болно. Тиймээс залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Тухайлбал, сонгуулийн хууль тогтоомжид урьдчилан санал өгөх, шуудангаар санал өгөх гэсэн хэлбэрүүдийг нэмэх, ерөнхийлөгчийн сонгуулийн үед шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр байгаа газраа саналаа өгөх боломжийг сонгогчдод олгох хэрэгтэй” гэж “Залуу сонгогчдын ирц, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгааны нийтлэлдээ дурджээ.

Төрд төлөөллөө сонгох сонгуулийн дүнд хамгийн их нөлөө үзүүлдэг залуу сонгогчдын ирц муу байна хэмээн шүүмжлэх бус тэднийг саналаа өгөх олон хувилбараар хангах нь хамгийн чухал гэдгийг бид ойлгуулахыг зорилоо. Шинэ санал хураалтын хэлбэрийг нэвтрүүлэхийн тулд нэгдүгээрт, УИХ-ын намууд зөвшилцөж зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт, сонгогчдоо бэлтгэж,  дараа нь хууль эрх зүйн орчноо бэлтгэнэ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “Залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд санал өгөх олон аргыг нэвтрүүлэх тухай саналаа УИХ, байнгын хороодод хүргүүлэн ажиллаж байгаа” гэсэн хариу өглөө.

“Z үеийн залуучуудын улстөрийн оролцоо” судалгааны оролцогч эрчим хүчний мэргэжилтэн 25 настай эмэгтэй “Юм болгоныг залуучуудын буруу, тэд л оролцохгүй байна. Тэдний идэвхгүй байдлаас боллоо гэдэг нь над руу шууд хандаж хэлээд байгаа юм шиг санагддаг. Улс төрийг улам сонирхмооргүй санагддаг. Тийм болохоор сонгуульд саналаа өгдөггүй” гэж ярьжээ. Үүнээс  харахад залуучуудын улс төрийн боловсрол муу, идэвхигүй байна гэж шүүмжлэхийн оронд санал өгөх хувилбарыг илүү олон болгож, хаанаас ч саналаа өгөх боломжоор хангахад анхаарах нь ямар чухал болох нь харагдаж байна. Ийн бид сонгуулийн эрх зүйн орчноо сайжруулж, санал өгөх олон хувилбарыг бий болгох нь залуусын ирцэд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдын байр суурийг хүргэе.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

СУДЛААЧ П.АЛТАНЧИМЭГ: ИНТЕРНЭТЭЭР САНАЛ ӨГӨХ АРГЫГ НЭВТРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖ МАНАЙ УЛСАД БИЙ

 

\-Би БНСУ-д цахим санал хураалтын чиглэлээр магистраа хамгаалсан. Залуучуудад саналаа өгөх хувилбарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт судалгааны ажлаа төвлөрүүлсэн юм. Монгол Улс одоогоор санал өгөх гурван хувилбарыг ашиглаж байна. Нэгдүгээрт, өөрийн бүртгэлтэй газар сонгуульт өдөр санал хураалтын байранд очиж саналаа өгөх. Хоёрдугаарт, хэвтэрт байгаа эсвэл эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст зориулаад зөөврийн санал хураалтын хэлбэр бий. Гэхдээ үүнд залуучууд багтдаггүй. Гуравдугаарт, гадаад дахь иргэдийнхээ саналыг авах гэсэн ийм гурван сонголт бий. Үүнээс харахад залуучуудад бүртгэлтэй газраа саналаа өгөх ганцхан хувилбар байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл юм. Залуусын ихэнх нь гадаадад эсвэл хотод амьдарч байгаа, их, дээд сургуулийн ихэнх нь Улаанбаатарт төвлөрсөн манайх шиг улс санал хураалтын олон хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мэдээлийн технологид суурилсан урьдчилсан санал хураалт, цахим буюу интернэтээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх бүрэн боломж манай улсад бий. Эдгээр санал хураалтын хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд намуудын зөвшилцөл чухал. Үүний дараа эрх зүйн орчин, сонгогчдоо бэлтгэхэд хамгийн багадаа хоёр жилийн хугацаа хэрэгтэй. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр Солонгос дахь  сонгуулийн санал хураалтын ажиглагчаар оролцсон. Энэ үед миний ажигласан зүйл бол зарим иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад хүсэлт гарган бүртгүүлэх ёстойг мэдэхгүй алс холоос зорьж ирээд саналаа өгч чадахгүйгээр буцсан тохиолдлыг олон харсан. Тиймээс цахим санал хураалт нэвтрүүлвэл гадаад улсад суугаа Монгол иргэд хялбархан нэрийн жагсаалтдаа бүртгүүлээд саналаа цахимаар эсвэл элчин дээрээ өгөх гээд оролцоо нэмэгдэнэ. Гэхдээ мэдээж цахим санал хураалтын систем нь ил тод байдал, сонгогчдын нууцлал, аюулгүй байдлыг сайн хангасан систем байх хэрэгтэй.

 

ЦОГЦ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЭНХБАДРАЛ:СОНГУУЛИЙГ ЦАХИМ БОЛГОХОД ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ

 

\-Монголд залуучуудын сонгуулийн оролцоо бага байгаа шалтгаан нь олон. Нэгдүгээрт, улс төр, сонгууль нь залуучуудын сонирхол биш. Хоёрдугаарт, залуучуудын иргэний боловсрол бага. Гуравдугаарт, улс төрийг сонирхсон ч тэдний итгэлийг хүлээж чадахгүй, саналаа өгөх нэр дэвшигч байхгүй байх. Дөрөвдүгээрт, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой иргэний харьяалал, хаягийн асуудал. Тавдугаарт, саналаа өгөх тэгш хүртээмжтэй байдал орно. Оюутан, залуучуудын хувьд дийлэнх нь Улаанбаатарт оршин суудаг ч орон нутгийн харьяалалтай байдаг.

Сонгуулийн систем, тойргийн зохион байгуулалтаас шалтгаалаад саналаа хаягийн бүртгэлтэй газраа өгөх эсэхийг зохицуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд хаана ч байсан адилхан сонголтын нөхцөлтэй байхад заавал бүртгэлтэй хаяг, тойрогтоо очиж санал өгөх шаардлагагүй. Сонгуулийг зохион байгуулахад хялбар болгохын тулд иргэдийн оролцоог хязгаарлаж, сонгох эрхэд халдах нь буруу. Сонгууль төрийн эрх мэдлийг хуваарилах, эрх мэдлийн учгийг иргэдийн гарт өгдөг гол арга учир түүнийг шударга, аюулгүй, хамгийн гол нь олон түмний итгэлцлийн суурин дээр зохион байгуулах шаардлагатай. Тиймээс сонгуулийг цахим болгоход тулгарах гол бэрхшээл бол олон нийтийн итгэлийг бодитоор хүлээх явдал. Сонгогчийн саналыг баталгаажуулах, сонгуулийн үйл явцыг олон нийт хянах боломжтой ил тод байх, аюулгүй байдлыг хангасан гэдгийг батлах нь хамгийн чухал. Иймд цаг хугацаа, тодорхой үе шатуудыг туулах нь тодорхой. Цахим сонгуулийг орон нутгийн түвшинд, багийн даргын сонгуульд ашиглахаас эхлээд хэрэглэж болно, бид чинь саяхан цахим үндэстэн болсон улс.

Бүх хүнийг цахимаар саналаа өгөх боломжоор хангах нь харьяалалаасаа өөр газар амьдардаг залуусын сонгуулийн ирц төдийгүй гадаад дахь монголчуудын ирц, оролцоонд нөлөөлөх талаар судлаачид ийн ярилаа. Тэгэхээр сонгуулийн насны хүн амын тал орчим хувийг эзэлдэг 18-35 хүртэлх насны залуусын ирцийг нэмэгдүүлэхийн тулд хаанаас  ч цахимаар саналаа өгөх боломжийг хүн бүрт олгоё. Энэ нийтлэлийг Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлийн ментороор судлаач, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Төслийн менежер Н.Ганчимэг ажиллалаа.

“Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button