А.Тамир: 20,20,20-ийн дүрмээр нүдээ амрааж, хараа муудахаас сэргийлээрэй

Айл гэр болгонд нүдний шил зүүдэг нэг хүн байдаг гэвэл хэлсдэхгүй болсон цаг үе.  Хүүхдээ эрхлүүлэх нэрийдлээр эрүүл мэндээр нь хохироож байгаа юм биш биз.  Дэлхий дахинаа харааны бэрхшээлийн асуудалд хоёр зүйл дээр ач холбогдол өгч байна. Urbanization /хотжилт/, technological development /технологийн хөгжил/. Тэгэхээр хэрэгцээгээ зохицуулж, эрүүл мэндээ хайрлан хамгаалах цаг хэдийн иржээ. Нүдний харааны бэрхшээлийн талаар Монгол Японы хамтарсан эмнэлгийн Нүдний мэс заслын эмч  А.Тамиртай ярилцлаа.

-Нүдний эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Монголчууд ихэнхдээ хараазүйн ямар асуудлаар үйлчилгээ авдаг вэ?

-Би Тайландын Банкок хот дахь Faculty of medicine Siriraj Hospital, Mahidol  сургуулийг 2019 онд төгссөн. Монголдоо ирж, мэргэжлээрээ ажиллаад гурван жил өнгөрчээ. Нүдний үзлэгээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь нүд хуурайшилт гэсэн оноштой байдаг. Хараазүйн талаас залуу хүмүүс холын хараа муудах, 40-өөс дээш насныхан ойрын хараа муудах гэсэн асуудалтай ирдэг дээ.

-Нүдний хараа муудах гол шалтгаануудын талаар?

-Хараа муудах нь ганцхан манай улсад гэлтгүй дэлхий дахинд  байна. Энэ нь Нэгдүгээрт, Urbanization буюу хотжилт, нөгөөх нь Technological development буюу технологийн хөгжил, түүн дотроо өдөр тутмын хэрэглээний гар утас, таблет, телевизийн хэрэгцээ хараа муудах гол хүчин зүйл болж байгаа гэсэн үг.

-Urbanization буюу хотжилт нь яаж нүдний хараанд нөлөөлдөг юм бол ?

-Хүний нүд нь алсыг харж байгаа үед нүдний булчин суларч амарч байдаг. Харин ойрын юмыг харж, фокуслахад нүдний булчин агшиж чангарч байдаг. Тэгэхээр бид нар байшингаас байшингийн хооронд харж байна.   Хотын төвлөрөл үүссэн учраас холын уул усаа харах боломжгүй болчихсон. Дандаа ойрын юмыг хардаг болчихсон учраас холын хараа муудах шалтгаан болж байгаа.

-Хүний биеийн зарим эд эрхтэн эргэн төлжөөд хэвийн болдог шиг нүдний хувьд 100  хувь эрүүл болох боломж бий юу?

-Анагаах ухаанд нүдний хараа нэгэнт муудсан бол эргээд хэвийн байдалд нь оруулах эмчилгээ байхгүй. Харин харааг илүү муудахаас сэргийлэх, одоо байгаа хэмжээнд нь тогтоон барих эмчилгээ хийгддэг. Эсвэл хүн хөгшрөөд болорын цайлт болсны дараа бид болор солих мэс заслын дараа шилгүйгээр тод харах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тэгэхгүйгээр хүний хараа буцаад хэвийн байдалдаа орох боломж байдаггүй.

-Хараа тэглэх ажилбарыг харааны эмгэгтэй бүх хүн хийлгэж болох уу.  Үүний талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Эмч нарын хэллэгээр хугарлын гажиг засах мэс ажилбар гэж нэрлэгддэг. Энэхүү мэс ажилбарыг 20-40 насны хүмүүст зөвлөнө. Яагаад гэхээр 20 нас хүртэл хүний нүдний хөгжил явагдаж, бүтэц, хэлбэр хэмжээ нь томорч байдаг. 18 нас гэхээр илүү тогтвортой болчихно гэсэн үг тэгээд хоёр жилийн хугацаанд ажиглаж байгаад 20 наснаас хийлгүүлэхэд тохиромжтой. 40 наснаас хойш биологийн хувьд ойрын хараа муудаж эхэлдэг учраас дахин хугарлын гажиг үүснэ гэж үздэг. Тэгэхээр мэс ажилбарыг тодорхой хугацаанд ажиглаад тухайн хүний хараа сүүлийн нэг жилд тогтвортой өөрчлөгдөөгүй бол мэс засал хийснээр харааг тэр хэмжээнд тогтвортой барина гэсэн үг. Хүмүүсийн ойлгодог  буруу ойлголт нь хараагаа нэг тэглүүлчих юм бол үлдсэн амьдралыхаа турш энэ хэвээрээ байна гэдэг. Таны амьдралын хэв маягаас хамаараад оффисын ажил хийдэг, өдөржингөө ойрын юм хардаг, нүдээ амраадаггүй хүн дээр лазер мэс заслыг хийлгэсний  дараа ахин муудах боломжтой. Мэс ажилбар хийгдэх явцад  нүдний эвэрлэг нимгэн болж байгаа гэсэн үг. Хэтэрхий нимгэн эвэрлэгтэй хүн хасах заалттай буюу энэ ажилбарыг хийлгэх боломжгүй гэсэн үг. Нүдний зузааныг нимгэлж байгаа учир тодорхой хэмжээнд хугарлын гажиг засна гэсэн үг. Ойролцоогоор -11 хүртэл хэмжээг засах боломжтой.  Лазераар нүдний эвэрлэгийг буудаж нимгэн болгож байгаа учир энэ ажилбарыг олон удаа хийлгэх боломжгүй. Үнэхээр зузаан эвэрлэгтэй хүн бол үсрээд хоёр удаа л хийлгэх боломжтой. Нэг удаа хийлгэсэн ч гэсэн цаашдаа хараагаа тогтвортой энэ чигээр нь хэр удаан барих вэ гэдэг нь мэс засал хийлгэснээсээ илүү анхаарал хандуулах асуудал байгаа юм.

-Уг ажилбарыг хийлгэсний дараах өөрчлөлтүүдийн хувьд?

-Тэгэхээр -5 гэдэг шил зүүдэг хүн лазер хийлгэсний дараа 0 буюу ямар ч шил зүүлгүйгээр хүний харах ёстой түвшинд хангалттай сайн харна гэсэн үг. Шил зүүхгүй байхыг тэглэнэ гэж ярьж байгаа юм. Мэс заслын дараах хүндрэл гэж байгаа.  Гэхдээ мэдээж ховор тохиолдолд үүсдэг. Хийгдсэн ажилбарынхаа явцтай хамааралтайгаар эвэрлэг хуурч унах, хайлах гэсэн цөөн тооны төвөгтэй асуудал байдаг.

– Хараа муудах эрсдлээс сэргийлэх энгийн зөвлөгөө өгнө үү?

-Олон улсад хараа нэмж муудахаас сэргийлэн нэг зөвлөмж явж байгаа. 20, 20, 20-ийн дүрэм гэж бий. Түрүүн хэлсэнчлэн ойрын зайд хүний нүд ядардаг учир, ойрын юм харж, фокуслаж хийж байгаа ажлынхаа 20 минут тутамдаа хорин секунд нүдээ амраана. Ингэхдээ зургаан метрээс холын зайны юмыг хорин секунд харахад нүдний булчин амарч сулран хараа муудах эрсдлээс сэргийлж байна гэсэн үг юм. тэгэхээр ямар нэгэн ажил хийж байхдаа 20 минут тутамдаа хорин секунд зургаан метр болон түүнээс дээш зайны зүйлийг харан хараа муудахаас сэргийлж болно.

Зууны мэдээ сонин

Б.Хулангоо

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button