Герман улсаас уналт таталтын эсрэг 9 нэрийн эмийг импортолж оруулж ирлээ

     Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм, хангамжийн газраас Уналт таталтын эсрэг эмийн хангамжийг сайжруулах, тасалдлаас сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо”, “Элэгсэг оршихуй”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо” төрийн бус байгууллагууд болон уналт таталтын эсрэг эм импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай 4 удаагийн уулзалт хийж, ханган нийлүүлэх байгууллагуудад тасалдал үүссэн уналт таталтын эсрэг эмийг яаралтай татан авах, бүртгүүлэх чиглэл өгч ажилласан.

          Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5, Улсын онцгой комиссын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 19, 07 дугаар сарын 07-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.

Үүний дагуу Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг 9 нэрийн эмийг  “Нью ремеди” ХХК 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр импортолж оруулж ирлээ.

Түүнчлэн Төрөөс төлбөрийг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчин эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтын төсөлд уналт таталтын эсрэг 10 эмийг нэмж оруулахаар ажиллаж байна гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button