Б.Баттогтох: Тооцоо судалгаан дээр үндэслэн эрсдэл хийж, туршлагад суралцах хэрэгтэй гэж боддог

Даруухан, ажил хэрэгч эрхэмтэй өглөө таарах бүрт “Сайхан амарсан уу” хэмээн аядуухан инээмсэглэн мэндчилэх. Түүний аядуу, намуухан энэ зангийн цаана оноогдсон үүргээ чамбай гэгч гүйцэтгэж, бүтээл туурвилаараа жинтэйхэн “дуугарчихдаг” эрч хүч, эрхэмсэг чанар нуугдан байх аж.

ОБЕГ буюу төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас анхны, албанаас төрсөн 10 дахь доктор болсон түүнийг Б.Баттогтох гэдэг. Хошууч цолтой тэрбээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Ингээд түүнийг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа урилаа.

-Юуны өмнө техникийн ухааны докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе?

-Баярлалаа, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр техникийн ухааны доктор (PhD)-ын зэрэг авсандаа баяртай байна. Энэ дашрамд тусалж дэмжсэн ОБЕГ-ын удирдлагууд, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл болон хамт олондоо талархал илэрхийлье.

– “Нүүрсний исэлдэлт, өөрөө шаталт, агаарын урсгалын хамаарлын судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Сэдвийн хүрээнд дэвшүүлсэн, шийдвэрлэх боломжтой асуудал юу байв. Тэр дундаа Онцгой байдлын албаны хэмжээнд…?

-Шарын голын нүүрсний ил уурхайн ус шүүрүүлэх гүний малталтад нүүрсний өөрөө шаталт үүссэнээс, хорт хий ялгарч тус уурхайн ажилчид хордсон тухай дуудлага 2011 онд Уул уурхайн аврах албанд ирсэн. Азаар хүний амь нас үрэгдээгүй. Тухайн дуудлагаар ажиллах явцад осолтой холбоотой маш их хүндрэл үүсч байсан. Судалгааны ажлын санаагаа эндээс олсон.

\

Судалгааны ажлын гол агуулга нь далд уурхайн хэвтээ малталтад нүүрсний исэлдэлт, халалт, шаталтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд голомтыг тусгаарлан, вентиляторын тусламжтайгаар тусгаарлагдсан хоёр орчны агаарын урсгалын даралтыг тэнцвэржүүлэх замаар даралт тэнцвэржүүлэгч орчин үүсгэж, нүүрсний исэлдэлт, халалт, өөрөө шаталтыг зогсооход оршиж байгаа юм.

Нүүрсний далд уурхайн олборлолтын процессын явцад үүсдэг ноцтой аюулын нэг бол нүүрс исэлдэж, улмаар өөрөө шатах үзэгдэл байдаг. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн олон улсын нүүрс олборлолтын ажилд томоохон хүндрэл үүсгэж байна. Ялангуяа уурхайн ашиглагдсан орон зай, малталтын хажуу болон хамгаалалтын цулд үүссэн галын голомтын байрлал, исэлдэлт, халалт улмаар өөрөө шаталтын процессын талаарх мэдээллийг тухай бүрт нь олж тогтоох, үнэлгээ дүгнэлт гаргахад хүндрэлтэй байдаг. Үүнээс шалтгаалан галын голомтод хүрч үйлчилж чадахгүй хугацаа алдсанаас нүүрсний уурхайд үүссэн гал нь илүү ноцтой нөхцөл байдалд хүргэдэг.

Олон улсын тоо баримтаас тухайлбал, Австралийн Queensland мужийн уурхайнуудад 1972-2004 оны хооронд нүүрсний исэлдэлт, өөрөө шаталтаас үүдэлтэй аюул, осол 51 удаа гарсны 17 нь тэсрэлтийн аюулд хүрч, 41 уурхайчин амь насаа алдсан тухай судлаач B.Ham-ын судалгаанд дурьдсан байдаг. Нүүрсний өөрөө шаталт ба хийн тэсрэлт ОХУ-ын далд уурхайд тохиолдож буй нийт аваар ослын 67 хувь, эдийн засагт учруулсан хохирлын 78 хувийг эзэлж байна.

\

Харин манай улсын хувьд Налайхын нүүрсний далд уурхай, Адуунчулууны нүүрсний ил уурхай, Шарын голын нүүрсний ил уурхай, мөн шүүрүүлэх уурхай, дулааны цахилгаан станцуудын нүүрсний агуулахад нүүрсний исэлдэлт, халалт, өөрөө шаталтаас үүдэлтэй том, бага хэмжээний гал, метан хийн тэсрэлт удаа дараа гарч, ажиллагсдын амь нас, эрүүл мэнд, улсын эдийн засагт ихээхэн хор, хохирол учруулж байсан.

Далд уурхайд нүүрсний өөрөө шатах явцад ялгардаг хортой хийнүүд нь уурхайд ажиллагсдад үхэлд ч хүргэж болох хортой нөлөө үзүүлдэг. Ийм нөхцөлд уурхайн агааржуулалтын горимыг цаг алдалгүй оновчтой тооцох, өөрчлөх, уурхайд ажиллагсдын амь насыг аврах, ажиллах нөхцлийг хангах, эрүүл мэндийг хамгаалах шаардлага зүй ёсоор тавигддаг.

Манай улсад одоо ажиллаж байгаа босоо уналтай зарим нүүрсний ил уурхайнуудын олборлолтын гүн нэмэгдсэнээс шалтгаалан хөрс хуулалтын ажил хүндэрч, цаашид гүний олборлолт руу шилжиж, далд уурхай нэмж байгуулагдах хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан далд уурхайд нүүрсний исэлдэлт, халалт, өөрөө шаталтаас үүдэлтэй гал түймэр, түүнийг унтраах талаар инженер техникийн ажилтнуудын онол, практикийн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх тулгамдсан асуудлууд үүсч байгаа юм.

-Таны хувьд Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй алба хаагч. Ингэхэд хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг 1997 онд далд уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр, магистр зэрэгтэй төгссөн. Энэхүү сургуулийг манай улсын уул, уурхайн голлох мэргэжилтнүүд төгссөн байдаг учраас бахархалтай сайхан байдаг шүү.

-Хүний амьдралын 22 жил гэдэг багагүй хугацаа ч эргээд бодоход саяхан мэт. Анх Онцгой байдлын албанд орж байсан тэр үед чинь цаг хугацааг ухраамаар байна..?

-Үүнийг ярихын тулд эхлээд уурхайд ажиллаж байсан тухайгаа ярих нь зөв байх.

-Бололгүй яахав. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал гээд нөлөөлөх зүйл олон л байсан байх?

-Сургуулиа төгсөж ирээд Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхайд тэр үеийн Дэд бүтцийн яамны томилолтоор ажиллаж байгаад ар гэрийн шалтгааны улмаас 1998 онд Налайхад ирсэн. Олон зүйл ч бодсонгүй. Бусдын л адилаар хувиараа нүүрс ухаж эхэлсэн.  Налайхад уурхай, шилний үйлдвэр гээд томоохон үйлдвэрүүд байсан. Хувьчлагдаад дампуурчихсан. Хүмүүс нь өөр хийх ажил байхгүй. Бүгд л чадсан чадаагүй нүүрс ухна. Жил бүрийн намар хүн бүр л өөрийн уурхай гаргах зорилготой нилээн олон газар ухаж эхэлнэ. Чадалтай бас санхүүгийн чадвар сайтай нь нүүрсэнд хүрч, бусад нь ухаж байсан нүхээ орхиж, нүүрсэнд хүрсэн ам буюу уурхайд өдрийн татаас буюу татвар өгч хуваагдан, бригадын хэлбэрээр ажилладаг байлаа.

Тухайн үед Налайхад ойролцоогоор жил бүр 150-200 ам уурхай гарч ажиллаж, нийслэлийн гэр хорооллыг нүүрсээр хангана. Хэрэглэгчид ч нүүрсний чанартайг магтаж, дуртай худалдан авна. Таваас зургаан хүн нийлж нэг бригад болно. Уурхайгаас нэг машин нүүрс гаргаад бэлэн мөнгөөр зарж, тавин хувийг нь ажлын хөлс болгон авч, үлдсэнийг нь амны эзэнд өгнө. Амны эзэн ажиллагсдын хоол унд, бэхэлгээний мод материал, бусад шаардлагатай зардлыг хариуцах хуульчлагдаагүй журамтай. Ингээд хуучин уурхайд ажиллаж байсан гурван хүнийг хөлслөн, хамтран нүүрсний ам ухаж эхэллээ. Энэ гурван хүний өдрийн хоол, цалин, шаардлагатай бэхэлгээний мод, материал, бусад зардлыг хувиасаа гаргана. Уурхай ухах явцад нүүрсний 40-50 см нарийн судлууд тааралдаж, үргэлжлүүлэн ажилласаар 26 хоногийн дараа амнаасаа 31 метр ухаад их уурхайн хаягдсан 2,5-3 метрийн зузаантай нүүрсний давхаргад хүрлээ. Ажилллах явцад ямар ч байсан далд уурхайн ашиглалтын инженер хүн байна, аваар осол гаргаж болохгүй юм шүү гэсэн итгэлээр ажиллаж, малталтад хэрэндээ л модон бэхэлгээ, банзалгаа хийнэ.  Нүүрсээ ч гаргаж эхэллээ.

\

-Нүүрч гараад ирэхээр гаргасан зардлаа нөхөж эхэлнэ биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Гаргасан зардал ч хурдан нөхөгдөж, цаашид яаж ажиллаж орлого, ашгаа нэмэх, гол нь ажиллаж байгаа уурхайчдад илүү цалин хөлс хүртээх талаар бодож, тогтсон ажлын хөлсний горимыг 70:30 болгон өөрчиллөө. Энэ нь ажиллагсдад нүүрс зарсан мөнгөний 70 хувийг, эзэн 30 хувийг авна гэсэн үг юм. Бусад уурхайн амны эзэд дургүйцэж, эсэргүүцэж байсан боловч хийнэ гэснээрээ зүтгэлээ. Манай уурхайд ажиллах гэсэн ажилчдын тоо нэмэгдэж, нүүрсний 3, засварын 1 гээд 4 бригадтай 24 цагаар тасралтгүй ажиллах боллоо. Уурхайн малталтад байнга орж, нурж унаж болзошгүй эрсдэлтэй газруудад бэхэлгээ тавиулан, ажиллагсдад ажлын даалгавар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хэрэндээ л завгүй ажилладаг байлаа.

Ингээд 6 сар гаруй ажиллаж байтал нэг өдөр Налайхын Уул уурхайн аврах албаны дарга Жанчив гуай ирээд уулзъя, уурхайгаас гараад ирээч гэж байна гэдэг байгаа. Жанчив даргыг Налайхын  бүх  хүмүүс анддаггүй. Миний хувьд урьд нь Иркутскийн уул уурхайн сургууль төгссөн, Уул уурхайн аврах албаны дарга гэдгээр нь л мэднэ. Юу болсон юм бол доо гээд жаахан дөлсхийн дарга дээр очтол харин эртний танилтайгаа уулзаж байгаа юм шиг “Сайн уу, дүү хүү. Ажил төрөл сайн уу? За чи чинь энд юу хийж байгаа билээ. Орост сургууль төгссөн хүн нүүрс ухаад байж байдаг. Болж байгаа юм уу?” гэлээ. Би төгсөөд Шивээгийн уурхайд ажилласан, тэгээд ирсэн тухайгаа ярьтал, “Чи зав гаргаад ажил дээр дипломоо аваад яваад очоорой” гээд явлаа.

Нээрээ би төрийн зардлаар сурчихаад энд өөрийгөө болгоод байж байдаг зөв үү гэж нилээн бодсоны эцэст долоо хоногийн дараа Уул уурхайн аврах албан дээр дипломоо аваад яваад очсон. Жанчив дарга диплом харж сууснаа, “Чи чинь магистраар төгссөн юм байна. Одоо ингэж нүүрс ухаад яваад байх хэрэггүй биз дээ. Улсад ажиллах хэрэгтэй. Манай байгууллага уул уурхайн аврагчдын эрхзүйн байдлыг дээшлүүлэх тал дээр хууль гаргах санаатай. Энэ ОХУ-ын аврагчдын хууль байгаа юм. Үүнийг орчуулах хэрэгтэй  байна. Чи орчуулаад аваад ирээч” гээд хэдэн  хэвлэмэл хуудас өглөө.

Хагас, бүтэн сайн өдөр сууж нөгөө хуулийг нь өөрийнхөө хэмжээнд орчуулаад нэг дэх өдөр аваад очтол Жанчив дарга “Өө ийм хурдан уу? Чи манай байгууллагад ажилла. Эхний ээлжинд хувиараа нүүрс ухаж байгаа хүмүүст заавар, зөвлөгөө өгөөд хариуцаад ажиллаж чадах уу” гэлээ. Ингэж л Уул уурхайн аврах албаны  /одоогийн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги/ босгыг алхсан хүн дээ. Нэлээд урт түүхтэй байгаа биз./инээв/ Хувиараа нүүрс олборлож байгаа иргэдэд осол, авааргүй ажиллах тал дээр нь заавар, зөвлөгөө өгч зургаан сар гаруй ажиллаж байгаад дараа нь механик инженер, 2005 оноос эхлэн ерөнхий инженерээр ажилласан.

Энэ хугацаанд олон ч дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байх. Тухайн үед хүн бүр л алт, нүүрсний уурхайд ажилладаг байсан гэхэд буруудахгүй?

-2000-2007 онд улс даяар ажилгүй залуучууд бүгд л алт ухдаг, уурхай ярьдаг болчихсон байсан юм. Төв аймгийн Заамар, Борнуур, Өвөрхангай аймгийн Уянга, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сум гээд л алтны нинжа нарын төвлөрөл үүссэн байв. “Нүхэнд шороонд дарагдлаа”, “агааргүй газар орчихлоо” гэсэн дуудлага тасрахгүй.

Алтны нинжа нар шороон ордод болон үндсэн ордод үйл ажиллагаа явуулна. Тэдний ажиллаж байгаа уурхай гэдэг нь ямар ч бэхэлгээ, агааржуулалтгүй. Хөндлөн огтлолын талбай, зай завсар багатай, мөлхөө, аврах ажиллагаа явуулах боломж маш муутай. Зарим нь бүр 40-50 метр урттай малталт хийдэг. Ийм нөхцөлд аврах ажиллагаа явуулах маш хүндрэлтэй, аврагчид өөрсдөө ч дарагдах эрсдэлтэй. Бид юуны өмнө нүхний агааржуулалтыг хэмжиж, сэргээх арга хэмжээ аваад, малталтын зураглал гаргаж, осолдогчид хүрэх дөт замыг сонгон, гол төлөв мод банзаар бэхэлгээ хийж ажилладаг байлаа. Ийм малталтад ихэвчлэн олуулаа ажиллах нөхцөл байдаггүй. Иймээс аврагчдаа богино хугацаагаар ээлжлүүлэн ажиллуулна. Зарим газарт нь байгалийн хана үлдээнэ, цаана нь амьд хүн байгаа гэж бодохоор маш шуурхай ажиллах шаардлага тулгардаг. Уурхайн ослын нөхцөл байдлаас шалтгаалан бидний аварсан хүмүүс маш олон. Гэхдээ уурхайд хэцүү нөхцөлд цогцос авах нь амьд хүн гаргаж авахаас илүү хүндрэлтэй. Бас цогцос гаргаж авлаа гээд ямар ч нэр хүндгүй, өөрсдөө ч амьд авч чадсангүй гэж жаахан харамсаж, гутардаг байсан.

\

-Уул уурхайн аврах ангид 2000 оноос хойш 15 жил үүрэг гүйцэтгээд Онцгой байдлын ерөнхий газар томилогдож ирсэн байх нь ээ?

-Тийм. Уул уурхайн аврах албыг Засгийн газрын 2014 оны 325 дугаар тогтоолоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид нэгтгэсэнтэй холбогдуулан 2015 оны нэгдүгээр сард Гамшгийн шуурхай удирдлагын газарт Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ирсэн. Томилогдож ирснээсээ хойш уул уурхайн аврах анги, уул уурхайн аврах ажиллагаа, уул уурхайн салбарын эрсдэлийн үнэлгээтэй холбоотой 10 орчим дүрэм, журам, зааврыг боловсруулан, зохих журмын дагуу хэлэлцүүлэн батлуулсан. Уул уурхайн салбарт тохиолдсон ослын үед мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан байна. Тухайлбал, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ил уурхайн хананы нуралт, гулсалт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын алтны уурхайн осол, Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн осол зэрэг юм.

-Албаны залгамж халаа гэж байдаг. Танд тийм залгамж халаа болсон шавь бий юу?

-Намайг Уул уурхайн аврах албанд ажиллаж байхад байсан аврагчид бүгд л миний шавь гэж боддог. Одоо ч жаахан холдчихоод тухтай уулзаж амжихгүй л байна. Гэхдээ ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх,  хууль, эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаадаа баяртай байдаг даа.

– Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын гаралтай. Эцэг, эхээс тавуулаа. Налайхад төрж, өссөн.  Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Мягмарсүрэн тогооч мэргэжилтэй. Миний найдвартай ар тал. Бүх л ажлыг амжуулдаг. Охин Б.Мөнхцэцэг Үндэсний аудитийн газар программ хамгамжийн инженерээр ажилладаг. Хүү Б.Баярмөнх ШУТИС-д программ хангамжийн инженер мэргэжлээр сурч байгаа.

\

-Анх ажлын талбарт гарахад ч юм уу, аль эсвэл амьдралын дунд уулзаж учирсан сайхан хүмүүсийн хэлсэн үг санаанаас гарахгүй насан туршид бодогдоод явах нь бий. Танд тийм үг байдаг уу?

-Орост нэг ийм хэлц үг байдаг, “Кто не рискует тот не пьет шампанского”. Миний хамгийн хэлэх дуртай үг, “Хэн эрсдэл хийхгүй байна, тэр амжилтад хүрч чадахгүй” гэсэн утгатай юм. Манай аврагчдад их хамаатай үг гэж боддог. Айгаад байвал юу ч бүтэхгүй. Гэхдээ тулсан аюултай нөхцөлд муйхар хар зориг гарга гэсэн үг биш. Тооцоо судалгаан дээр үндэслэсэн эрсдэл хийж, туршлагад суралцах хэрэгтэй гэж боддог.

–Таны амьдралын хамгийн мартагдашгүй мөч гэвэл?

-Налайхын уурхайд 2007 онд болсон ослын үед бид 27 цаг ажиллаж 40-өөд метр уулын малталт хийн, 8 хүнийг эсэн мэнд аварсан аврах ажиллагаа. Ямар ч найдваргүй гэж бодож байсан хүмүүсийг нурангиас гаргаад, газар дор сэтгэлийг нь тайвшруулах гээд тамхи татуулаад сууж байхдаа маш их баярлаж, өөрөөрөө болон аврагчдаараа маш их бахархаж байлаа. Ажлыхаа онцлогийг мэдэрсэн хамгийн үнэ цэнтэй хормуудын нэг.

-Тэгвэл танихгүй хүнтэй харьцахдаа хамгийн түрүүнд юунд анхаардаг вэ?

-Мэдлэг чадвар, үнэнч шударга байдлыг анхаардаг юм байна. Тийм хүнтэй ажил ярихад хурдан ойлголцоно. Шулуун шударга амар санагддаг шүү.

-Баярлалаа танд. Цаашдын эрдмийн ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?

-Баярлалаа. “Хүн бүхэн эрүүл энх байгаасай” гэсэн ерөөлийг мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх алба хаагч нартаа хүргэе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button