Зам, тээврийн салбараас зайлуулаад өг Л.Халтарыг

Засгийн газар, зам тээврийн салбарт сайд биш саад ирж бугшсаныг олон нийт харлаа, үзлээ. Харин одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та тэр хүнээ үдэн гаргаж, огцруулж өгнө үү.

 

Дөнгөж өчигдөрхөн хэдхэн минутын хүчтэй ширүүн борооноос болж, алдарт Дарханы замын ашиглалтад өгсөн хэсэг нь хууларчихлаа.

 

Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км орчимд 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүссэн.

Ахиад ч болоогүй тэрхүү хүчтэй аадрын улмаас Аршаант-Давааны хороондын 365 км орчимд 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км-ийн гарам усанд авсан.

 

Үүнээс болж Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272 дугаар галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар нийслэл рүү тээвэрлэсэн. Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304 дүгээр галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж, Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 дугаар галт тэрэгний аяллын цагийг ч хойшлуулсан.

 

Товчхондоо бол ердөө 30 минут ч хүрэхгүй хугацаанд орсон бороо Л.Халтар сайдын ажилд дүн тавьчихлаа.

 

Анх хоёрхон жилийн хугацаанд шинэ замтай болгоно хэмээн тууз хайчилж, өмнөх замыг нь хуулснаас хойш даруй таван жил өнгөрсөн ч өнөөг хүртэл иргэд амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор байна.

 

Л.Халтар сайд “Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэж том дуугарч байсан ч дараахан нь “Үйлийн үрээр Дарханы замтай учирчихлаа” гэж өөрийгөө өмгөөлж зогссон нь ч бий.

 

Уг нь шүүр барьсан талбайн цэвэрлэгчээс ажлын гараагаа эхэлж энэ салбарынхаа тэргүүн нь болтлоо дэвшсэн Л.Халтарт олон нийт найдаж байсан ч тэр хэр чадамжтай сайд вэ гэдгээ удаа дараа харуулчхаад байхад Засгийн газрын тэргүүн тоохгүй байсан. Тэгэл энэ удаа хур бороо түүнд ийнхүү дүн тавьчихлаа.

 

Тиймээс эсвэл Л.Халтарыгаа огцрулж, солих, эсвэл “өөрөө хамтдаа бууж өг”-х хоёрын нэгийг л  сонгох болж дээ, Ерөнхий сайд аа.

ErenNews.mn

Б.Төгөлдөр 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button