Дорнод аймаг боомтын боймыг тайлж, экспортын гарц нэмэгдүүлэх төслүүдээ Ерөнхий сайдад танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан”  олон улсын нисэх буудлын өргөтгөл,  тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын  бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.

Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, перрон талбай,  автогражийн өргөтгөл зэрэг ажил хийгдэх юм. Ингэснээр  Боинг 737-800, Embrear145 загварын агаарын хөлөг хүлээн авах, цементбетон хучилттай, хоёр талын оролт, гаралттай, хөөрч буух зурвастай, гурван онгоц зэрэг хүлээн авах, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломжтой олон улсын буудал болох юм.

\

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилтай авто замаар холбох ажлын явцын талаар танилцууллаа. Тус аймагт Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул  чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл тус тус хэрэгжиж байна. Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км,  Чойбалсан-Баянхошуу  чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын ажил амжилттай үргэлжилж байна, 2024 онд дуусах ажээ. Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон авто замын коридорт чухал үүрэгтэй юм.

\

  

“Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсан бол хуурай боомт болох боломжтой гэж Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг гэдгийг  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулав.

Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”,  “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг боомтын боймыг тайлж, экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.

\

 

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button