Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлоход 200-аад жил бидний амьдралыг тэтгэнэ

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь 

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж, иргэдэд эрхийг нь нээж өгөөд л хувьцаа эзэмшүүлнэ

Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө 100 хувь бүрэн эзэмших боломж байна

Х.Баттулга: Утааг амархан шийдье гэвэл урагшаа нарийн цариг татаж түүхий эдээ зараад хэдэн төгрөг олъё

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

-Гишүүд  асуулт асууж хариултаа авлаа. Үг хэлэх гишүүн байна уу?

ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан: Өнөөдөр Монголын ард түмэн, тэр дотроо Өмнөговьчууд, энэ Оюу толгой, Тавантолгойн асуудалд анхааралтай хандаж, хэрхэн шийдэх нь вэ, ард түмний амьдралд ямар дэм тус болох нь вэ, ажлын байраар хэрхэн хангагдах нь вэ гэдгийг хүлээж байгаа. Засгийн газраас оруулж ирж байгаа хувилбар дээр Цанхи хэсгийг хоёр хувааж, нэгийг нь Эрдэнэс МГЛ, нэгийг нь гадна дотны компаниуд ашиглах ийм л чиглэлээр өргөн баригдаж байна.  Өнөөдөр Тавантолгой орчимд хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг нь орон нутгийн 51 хувийн өмчтэй Тавантолгойн уурхай,  хоёр дахь нь Ухаа худаг дээр ажиллаж байгаа Энержи ресурс. Энэ хоёрын ажиллаж байгаа зарчим бол энэ хоёр хувааж байгаа хэсэг дээр авч хэрэглэхэд бололцоотой ийм хувилбар. Нэг нь  51 нь орон нутгийн өмчид байна, 1992 онд 51 нь төрийн өмчид үлдэж, 49 хувь нь Монголын нийт ард түмэнд тараасан эрхийн бичгийн цэнхэр тасалбараар иргэд авсан зүйл.  1999 онд төрийн өмчийн тооллогоор УИХ-ын тогтоолоор орон нутгийн өмчид шилжсэн ийм уурхай байгаа юм. Энд төр, орон нутагт 51 хувь нь эзэмшээд тогтоосон үнээр хоёр компани олборлолт явуулдаг. Үүнийгээ өөрсдөө борлуулалт хийдэг. Ухаа худаг дээр энэ Энержи ресурсын эзэмшиж байсан  хувьцааг, лицензийг буцааж өгсөнтэй холбогдуулж энэ компанид олгосон талбай. Гадны компани тодорхой хэмжээгээр олборлолт явуулаад борлуулах эрх нь лиценз эзэмшигчдээ байж байгаа. Энэ жишгийг  буруу зөрүүтэй зүйлийг нь засаад, бололцоотой хувилбараар нь авч хэрэгжүүлэхэд бололцоотой юм болов уу. Дээр нь мэдээж, Монголын ард түмэнд, Монголд ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнийн хувьцаа эзэмшүүлнэ гэдэг хамгийн зөв зүйтэй. Өнөөдөр бэлэн мөнгө тараахад ямаршуу байдал эдийн засагт донсолгоо үзүүлж байна, хувьцаа эзэмших юм бол манай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эдийн засгийн тооцоонд орж улмаар цаашдаа зөвхөн нэг банк гэдэг зүйлээс гадна хөрөнгийн зах зээл дээр бас амжилттай ажиллах, өөрсдийнхөө хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгийн тодорхой хэмжээний үр ашиг хүртэх, баялгийн эзэд гэдгээ өөрсдөө мэдрэх ийм чухал алхам болно. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх эсэх асуудлыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: 

-Өнөөдөр бид алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр л  үндсэндээ урьдчилгаа төлбөр баахан орж ирнэ, тэгээд Утаагүй Улаанбаатар төслийг хэрэгжүүлнэ, Сайншандад тэр үйлдвэр технологийн паркийг  хэрэгжүүлэх мөнгө нь бий болно, мөн төмөр зам тавих мөнгө нь бий болно гээд, тэгээд ард түмэндээ амласан хишгээ өгнө гээд ингээд баахан юмнуудыг тал талаас нь ТЭЗҮ хичнээн төгрөг орж ирэх гээд байгаа юм бэ? Энэ нарийн ширийн юмнуудаа  тодорхой хэлж өгвөл зүгээр л байгаа  юм. Дээрээс нь монгол компаниудаа яаж оролцуулах гээд байгаа юм бэ. Ерөнхийдөө нэг гэрээ орж ирээд арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэж байна. Энэ чинь Монголын арбитр биш, гадаадын арбитр болоод маргааны асуудал яваад өгөх нь байна шүү дээ.  Энэ бүх зүйлүүд дээр чинь яах ёстой юм бэ. Маккэнзи гэлүү тэр банкийг яаж сонгосон юм бэ гэж асуусан, байхгүй таг.  Нэг иймэрхүү юмнуудыг  хагас дутуу мэдээлэлтэй болоод байх нь ний нуугүй ярихад энэ асуудлууд дээр оролцмооргүй санагдаад, тэгээд оролцохгүй болохоор болохгүй байдаг. Дэмжихгүй гэхээр хэцүү, дэмжинэ гэхээр хэцүү. Маш олон юмнууд болоод байна шүү дээ. Тэгээд хэдэн сайдын хариулж байгаа байдал, үүнийг бүгд л ард түмэн харж байгаа. Энэ чинь эцсийн дүндээ протоколоор үлдэх байлгүй дээ.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:

-Монгол Улс 90 шахам жил хөгжихдөө  хөрш зэргэлдээ орнууд тэр ч байтугай алсын Америктай янз бүрийн л түвшинд урт удаан хугацаанд хамтарч ажилласан. Хүнд хэцүү хөгжлийн янз бүрийн л түвшинд бидэнд сэтгэлээ гаргаж, гараа сунгаж, тусламж дэмжлэг үзүүлж байсан. Тэр утгаар нь энэ улсуудыг энэ том төсөл дээр ашиг сонирхлыг нь оруулах асуудлыг авч үзэж байгааг зөв зүйтэй. Ингэх нь нүүрсний хувьд дэлхийд бид өөрийн гэсэн байр суурьтай болох, Монголын нүүрсний нэр хүндийг дэлхий хэмжээнд гаргаж тавих, эцсийн дүнд улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулахад эдгээр том улс гүрнүүдээс тусламж дэмжлэг авах утгаараа улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой.

Засгийн газар  асуудлыг авч үзэхдээ нүүрс олборлохоос эхлээд  эцсийн бүтээгдэхүүн хүрэх энэ шат дамжлагыг бүрэн хэмжээгээр авч үзжээ. Мэдээж бид цаашид түүхий нүүрс гаргахгүй л дээ. Угаасан нүүрс, нүүрсний баяжмал, цахилгаан, кокс. Тэгээд кокс боловсруулах эцсийн бүтээгдэхүүнийг хүртэл гаргах энэ боломжийг авч үзсэн нь зах зээлд уян хатан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Тэр утгаар нь энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Тэр ч байтугай түргэн хугацаанд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналаа хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөө талаас Монголын ард түмний амьдралыг  200 орчим жил тэтгэх, энэ улс орныг урт удаан хугацаанд хөгжихөд дэм үзүүлэх ийм том төсөл. Бид  30 сая тонн нүүрс жилд олборлоно гэвэл  200-аад жил бидний амьдралыг тэтгэх ийм тооцоо гарч байгаа. Тэр утгаараа  бид эхнээс нь үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой явах нь чухал.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Баттулга сайд жаахан ууртай байх шиг байна. Би Баттулга сайдыг төмөр замын чиглэлээр, эдийн засгийн тооцооны чиглэлээр халз мэтгэлцээнд урьж байна.  Яагаад гэвэл  стандарт төмөр зам, стандарт бус өргөн төмөр замын нийт хэмжээг би сүүлийн үед судлаад байгаа юм. Өнөөдөр нийт уртынх нь хэмжээ нь 60 гаруй хувь нь  стандарт төмөр зам, 13 хувь нь өргөн төмөр зам. Дэлхийн худалдааны нийт эргэлтийн  90 гаруй хувь нь нарийн буюу стандарт төмөр замаар явдаг юм билээ.

Дахин хэлэхэд надад ямар нэгэн  компаний эрх ашиг төлөөлөл байхгүй, Монгол Улсын эрх ашиг байгаа. Түүний км болгонд алдаж байгаа тооцоо, судалгааг нь гаргаж үзье. Би энэ судалгааг гаргахдаа Монголын тэргүүлэх эдийн засагчид улс орныг удирдаж явсан хүмүүсийн судалгаан дээр үндэслэж ярьж байгаа гэдгийг хэлмээр байна.  Раш гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг удаан байгаа. Раш гишүүн яг үнэнийг хэлэхэд Ардчилсан нам, Баттулга сайдын шахалтад ороод хөдөлж чадахгүй байгаад туйлын харамсч байна. Раш гишүүн Монгол Улсын язгуур эрх ашгийн өмнөөс  Монголын төмөр замыг олон жил удирдаж байсан хүний хувьд  Монголынхоо төмөр замыг  20 жил хоцрогдоогүй  хөгжил дэвшилтэй төмөр зам руу одоо үг дуугараарай. Та их хойш нь татаж байгаа шүү гэдгийг би хэлчихье. Монголын бүх төмөр замыг нарийнаар нь тавибал, энэ Монголын ард түмний ирээдүйдээ бид нүгэл үйлдэж болохгүй. Цаашдаа дэлхий дээр Орос, Монгол гэсэн өргөн төмөр зам үлдэх юм билээ. Латви, Украин, Казакстан нарийн төмөр зам орчихсон, Путин  Японд очоод цаашдаа хурдны төмөр зам тавих юм бол нарийнаар гэсэн тийм үг хүртэл хэлчихсэн байж байгаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

-Баярлалаа. Гишүүд үгээ хэллээ. Санал хураалт явуулъя. Санал хураалтад бэлтгэ. Ирцтэйхэн шиг  санал хураая. Ирц байна. Гишүүдийг орж иртэл эцсийн найруулга сонсгоё.

Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон Зэвсэгт хүчний анги салбаруудын тусгай хэрэгцээнд авах газрын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, Хилийн цэргийн анги, салбаруудын тусгай хэрэгцээнд авах газрын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газруудад газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар/С.Батболд/-т даалгасугай.

Энэ тогтоолын редакци дээр саналтай гишүүн байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:

-Улаанбаатар хоттой холбоотой, цэргийн ангийн ойр орчимтой холбоотой айлуудын өрхийн асуудлууд үндсэндээ орж байгаа юм билээ шүү. Хотын газрын албатай яриагүй, хотын даргатай яриагүй тэгээд ингээд оруулаад ирсэн. Их Хурал баталчихдаг. Дараа нь баахан асуудлууд үүсээд, баахан айлуудыг нүүлгэх болоод, нөгөө дэх нь миний эзэмшлийн юм гээд маш том маргаан гарна шүү. Тийм учраас энэ чиглэлээр ажиллаач ээ. Би хотынхонд хэлсэн. Хотын газрын албанд, хотын захирагч бүгдэд нь хэлсэн. Тэгэхээр наадах чинь бас зарим аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлууд хүртэл  байгаад  байгаа юм билээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

-Батбаяр гишүүн ээ, одоо бол тогтоолоо бид нар баталчихсан шүү дээ. Тийм учраас энэ баталчихсан тогтоол дээр яриа байхгүй. Би редакцийн санал асууж байна. Наад яриад байгаа асуудлуудаа  хэрэв болохгүй, бүтэхгүй юм орчихсон байгаа бол дахиж санаачлаад, нөгөө бидний баталсан юмаа засах тухай асуудал орж ирнэ шүү дээ. Түүнээс надад өгсөн бичгээр бас шийдэгдэхгүй. Энэ бол УИХ-ын гишүүд тогтоолоо баталчихсан. Одоо зөвхөн редакцийн санал байна уу, алга байна. Нэгэнт гишүүдийнхээ баталсан тогтоолыг бид нар яах ч аргагүй шүү дээ. Бид нар хаалттай хэлэлцүүлэг хийж, ярьж ярьж тогтоолоо баталсан. Саналаа хураая.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн ЭЗБХ-ны саналаар санал хураалт явуулъя.

43 гишүүн санал хураалтад оролцож,  43 гишүүн зөвшөөрч, 100 хувийн саналаар Таван толгойн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 “Зууны мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button