Хотын стандартыг сурталчлах өдөрлөг болж байна

Стандартчлалын салбар үүсэж хөгжсөний тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар /ХСХГ/-аас өнгөрсөн онд батлагдсан Хотын стандартыг “Стандарттай хот-Байгальд ээлтэй хүртээмжтэй дэд бүтэц-Тухтай орчин” уриан дор иргэд, олон нийтэд таниулан сурталчилж буй юм. Өдөрлөгт оролцсоноор нийслэлд хэрэгжиж буй, батлагдсан стандарт, стандартын баримт бичиг, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ХСХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Хотын стандарт батлагдсанаас хойш тэдгээрийг хангуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, орчны аюулгүй байдал, нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг 15 бүлгийн стандартуудыг үе шаттайгаар мөрдүүлэн ажиллаж байгаа. Хотын стандартыг баталж, мөрдүүлэхээр ажиллах хугацаанд олон нийтэд таниулан, сурталчлахад анхаарах нь чухал болох нь харагдсан. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг амьдрах орчин иргэд, хүүхдүүдэд ээлтэй байх нь чухал. Иймд нэн тэргүүнд амьдрах орчинд стандарт хангуулах, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад стандартыг мөрдүүлж, мэдээллээр хангах шаардлагатай байна” хэмээлээ.

ХСХГ-ын Байгаль орчны стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин “Хотын стандартын Нийгмийн дэд бүтэц бүлэгт ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах шаардлагыг тусгасан. Үүнд гадна зай, талбай, орц, гарц, спорт болон яаралтай үед цугларах талбай, аюултай үед авч хэрэгжүүлэх, анхаарах, хориглох арга хэмжээ зэргийг багтаасан. Мөн барилгын хог хаягдлын менежментийг өнөөдөр онцолж байна. Учир нь барилгаас гарч буй хог хаягдал байгальд шингэдэггүй, 80 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байдаг. Иймээс тухайн хог хаягдлыг оновчтой ангилан ялгах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж байна. Хотын стандарт батлагдсанаас хойших хугацаанд баригдаж буй барилга, бүтээн байгуулалтад эдгээр стандартууд мөрдөгдөөд явж байгаа” гэв.

Харин өдөрлөгт оролцож буй иргэдийн зүгээс

-Ийм төрлийн өдөрлөг зохион байгуулах нь ач холбогдол ихтэй. Хотын стандарт батлагдсан талаар мэдээлэлгүй байсан. Харин өнөөдрийн өдөрлөгөөс мэдээлэл авч, танилцаж байна.

-Хотын стандарт батлагдсаныг мэдээд удаагүй байгаа. Тиймээс энэ өдөрлөгөөс өөрийн үйл ажиллагаа явуулдаг чиглэлийн стандартын талаарх мэдээ мэдээллийг авах боломж гарч байна.

-Стандарт бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах гол зүйл. Тиймээс бүх төрлийн байгууллага болон иргэд стандартыг мөрдөхөд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн санал, сэтгэгдэл хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button