Самрын экспортыг хориглож хушин ойгоо амраах уу?!

Хуш мод Монгол орны ойн 5.1 хувийг эзэлдэг. Нийт 690 орчим мянган га талбайг хамардаг. Асуудал болоод байдаг самрын энэ модны ой маань Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг байна.

Гэвч хушин ойн 40 орчим хувь нь доройтолд оржээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, 25 хувь нь огт сэргэхгүйгээр сөнөжээ. Энэ нь самар түүж, бэлтгэх буюу хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Хушин ойн ач холбогдлыг энд ярих нь илүүц. Гол усыг тэтгэхээс гадна баавгай, гахай, хэрэм, жирх, жигүүртэн шувуудын хүнс нь болдог. Ингэхээр хушин ойг “ургуулах”-д төрийн бодлого хэрэгтэй болоод байгаа юм. Энэ жил яг ийм бодлого нэхэж байна. Самрын бага ургацтай жил аж. Ойн газраас гаргасан 2023 оны нөөцийн урьдчилсан мэдээгээр хушны самрын нөөцийг дунд ургацтай гэж тодорхойлсон.

Үндэсний компаниудын 2023 оны нөөцийн судалгаагаар ч аймаг, орон нутгуудад харилцан адилгүй нөөцтэй болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр “Ийм жилд самрын экспортыг хориглож, хушин ойг амраах нь зөв” гэдгийг байгаль орчны мэргэжилтнүүд, экспертүүд хэлээд эхэллээ. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хушны самрын дунд ургацтай жилд самрыг экспортлохыг тухайн жилдээ хориглох арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдэгдлээ. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохооргүй юм байна.

Зөвхөн мэргэжлийн хүмүүс ч бус,  иргэд, олон нийтийн байгууллагууд хүртэл энэ талаар дуугарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Тэнгэрлэг Монгол” ТББ –ынхан ийм мэдэгдлийг хийсэн байна.

Тэд “Бид Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдал маш хэцүү болсон байна. Аравдугаар сарын 20-ноос хойш самар түүх, бэлтгэх хуулийн хугацаатай боловч нутгийнхан аль хэдийнэ самар цуглуулаад өвөлжөөгөөрөө дүүрэн хадгалчихсан байна. Үүнд нь орон нутгийн байгаль хамгаалагчид ч оролцсон байна. Тийм учраас бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Самрын экспортыг хориглож өгөөч” гэсэн шаардлага хүргүүлж байна. Энэ жил хуш модны самрын 3000 тонн хүрэхгүй нөөц батлагдсан. Өнгөрсөн 2020, 2021, 2022 онуудад 20 мянган тоннд хүрч байсан. Гэтэл өчигдөр БОАЖЯ тодорхой хэмжээний самрыг хилээр гаргах тушаал гаргажээ. Энэ тушаалаа зогсоогооч ээ гэж хүсч байна. Энэ жил яагаад заавал зогсоох ёстой вэ гэхээр хуш модон ойгоос 50 зүйл хөхтөн, 160 зүйл шувуу, зургаан зүйл хоёр нутагтан, дөрвөн зүйл хэвлээр явагч амьтдын хүнс тэжээлийн нөөц болдог. Гэтэл эдгээр амьтад хүнс тэжээлийн хомсдолд орох нөхцөл үүсээд байна. Мөн самар авах гэж хуш модыг нүдэж доройтол, үхжилд оруулж байна. Гуравхан мянган тонн нөөц батлагдаад байхад ан амьтдад нь үлдээхгүй, хилээр гаргах зөвшөөрөл олгоод байгаа юм бэ. Байгалиа сүйтгэн байж самар урагш нь гаргах хэрэгтэй вэ. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж шаардлага хүргүүлж байна” гэв.

Мөн УИХ-ын БОХХААБХ-ны 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ самрынхаа асуудлыг ер нь яах ёстой юм бэ. Та бүхэн хушин ой руу орж үзсэн үү. Тэр гарч байгаа зургийг харахад бол нүд халтирмаар байна шүү дээ. Томтой, жижигтэй бүгдийг нь халц халц мунадаад цохичихсон.  Би нэг гаднын ой хамгаалагч, ойн мэргэжилтний үгийг сонсож байсан юм. Энэ шархнаасаа болоод, эмзэглээд дараа жил нь самраа өгөхгүй байгаа юм гэсэн дүгнэлтийг хэлж байна лээ. Хэрвээ эв эрүүл мод байсан бол жил болгон өгөөд байх боломж бололцоо байдаг юм л гэсэн. Энэ чухам яг ямар үндэслэлээр, ямар  эрдэм шинжилгээний үндэслэл, судалгаатай юм бэ” гэж асууж байв. Тэгэхэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Самрын хувьд бол үнэхээр хэцүү байгаа, хүнд байгаа. Таны хэлдэгтэй үнэхээр санал нэг байна. 2015-2021 оны хооронд самар түүхтэй холбоотойгоор нийтдээ 33 орчим тэрбум төгрөгийн төсвийг бүрдүүлсэн байдаг. Экспорт дээр 68 орчим тэрбум төгрөг орсон.  Ингээд 2015-2021 он гээд зургаан жил гаруйн хугацаанд нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Нэг талдаа зөвшөөрлийг ургацын хэмжээгээр ахиу хэмжээгээр олгодог. Нөгөө талдаа хугацааг буруу тооцдог. Ялангуяа өнгөрсөн 2021 онд есдүгээр сараас эхэлж олгосонтой холбогдуулаад болц нь болоогүй самрыг унагаахын тулд тухайн хуш модыг мунадаж, гадна  холтсыг ховхолж энэ нь өөрөө тухайн хуш мод эргээд өөрөө өөрийгөө нөхөн сэргээхэд хамаг шим тэжээлээ зарцуулдаг. Үүнээс болоод ургац дараагийн жил, тэрний дараагийн жил гээд тухайн модны эргэн сэргэх нөхцөлөөс шалтгаалан 2-3 жилийн хугацаа зарцуулдаг. Ийм байдалтай байгаа. 2022 оны хувьд бол маш их хэмжээний хуурайшилтай байна. Сая бид хэд хэдэн газруудаар явж хуурайшилтын үзлэгийг хийсэн. Одоохондоо самрыг хориглоогүй байгаа учраас ойд маш олон отгийн цэг байна.  Дээрээс нь өдрийн 150 мянган төгрөгөөр хүмүүсийг цалинжуулж ажиллуулдаг. Самрын бүлэглэл гэх юм уу,  ний нуугүй хэлэхэд шоронгоос гарсан, судлагдсан бие биеийгээ бас айлгадаг, тухайн сум дээр ажиллаж, амьдардаг атамануудыг аль болох оруулдаг гэдэг ч юм уу бие биетэйгээ бас өрсөлдөх хэлбэр агуулдаг юм байна лээ. Б.Саранчимэг гишүүнээс самрыг 10 жилийн хугацаатай хорих ёстой гэдэг бичиг манайд ирчихсэн. Бид нар самрын экспортын дөрвөн том компанитай уулзсан. Тэд бас “Таван жилийн хугацаатай хориглож өгөөч” гэдэг санал хэлж байгаа. “Тэнгэрлэг Монгол” гээд төрийн бус байгууллага буюу яг газар дээр нь очиж тухайн самар түүгч иргэдтэй бас үзэлцдэг гэдэг юм уу, тулдаг ийм байгууллагын залуучуудтай бид нар бас уулзсан. Бас “Хориглож өгөөч” гэдэг энэ саналыг манай яаманд албан ёсоор дэвшүүлж байга” гэж хариулжээ. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа өнгөрсөн хавар “Самрын гаралт нь харилцан адилгүй байдаг. 3-5 жилийн давтамжтайгаар их үрийн жил гэж байдаг. Их үрийн жилдээ өндөр ургацыг өгнө. Бусад үед багасна, зарим жилд бүр гарахгүй байдаг. Бид их үрийн жил буюу их ургацтай жилийн тухайд ярьж байна. Бид дахин ажлын хэсэг гаргаад журамдаа ямар өөрчлөлтүүдийг хийж байна вэ гэхээр талуудын оролцоотой хяналтыг хийе гэж байгаа юм” гэж байсан юм.

Тэгэхээр одоо төрөөс ямар нэг зохицуулалтыг хийх цаг нь болсон, нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. Ер нь бол ингэж байгаль дэлхий өөрөө “зохицуулалт” хийж бага ургац өгсөн ч экспорт нээлттэй л байвал хушин ой эрсдэлтэй хэвээр л байна. Өндөр, нам үнээр гаргасаар байх тусам хилинй цаадах самрын “ченж”-үүдийн гар хөл болсон манайхан хавар зунаар л муна барьж хушин ой руугаа орж нүдээд унадаг. Самар болоогүй, түүхий үед ингэж “түүдэг” гэсэн үг л дээ. Мунаар нүдүүлсэн хуш модны насжилт 30-50 жилээр багасна. Бас 20 жилийн турш үрээ өгөхгүй болно. Хушин ойн сүйрлийн эх нь энэ.

Уг нь байгалиа зүй зохистой ашиглаж, зөв хэрэглэдэг бол хушны самраас эдийн засгийн өгөөж хангалттай авч болохоор байгаа юм. Хушны самрыг хуулийн дагуу бэлтгэж, үйлдвэрлэлд оруулдаг үндэсний хэдэн компани бий. Энэ талаар манай нэгдлийнхэн өмнө нь зөндөө л танилцуулж, учирлаж байсан. Юу гэвэл, хушны самрыг боловсруулж, үйлдвэрлэл явуулдаг үндэсний хэдэн компани самрыг түүхий үед бэлтгэгчдээ ой руу оруулдаггүй. Түүхий самар худалдаж авдаггүй. Яагаад гэхээр, тэдний бүх үйл ажиллагаа төрийн хяналтад байдаг. Хэрвээ зөрчвөл зөвшөөрөл нь цуцлагдахаас эхлээд “төрийн төмөр нүүр”-ийг үзнэ. Тэгэхгүй ч зөвхөн хушин ойн үр өгөөжөөр амьдрах бизнес учраас энэ ойг хамгаалах тал дээр байнга ажилладаг байгаа юм.

Ийм компаниуд арваад жилийн өмнөөс бий болсон. Тэд Монгол орны ховор ургамал болох ойн сибир хушийг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх, хушин ойг нөхөн сэргээх, хамгаалах, самрын аж ахуй эрхлэгчдийг ойн дагалт баялгийг зохистой ашиглаж байгаад хяналт тавих, хариуцлагажуулах, хуш модны самрыг боловсруулах салбарт байгальд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, 2014 оноос эхлэн хуш модны самрыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн байдлаар МИАТ, Тавантолгой түлш ХХК болон томоохон үндэсний сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан дотоодын зах зээлд нийлүүлж, олон улсын зах зээлд тогтмол экспортолж байна. Дээрх үйл ажиллагааны хүрээнд улсын болон орон нутгийн төсөвт ойн болон байгалийн нөөц ашигласны төлбөрт 20 орчим тэрбум төгрөгийг төлж 300 гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажиллаж байна. Гишүүн компаниуд нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ хүрээнд “Хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилго болон үндэсний компаниудын бизнесийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд хуш модыг хамгаалах, тарьж үржүүлэх инновацийн төсөл”, “Хангайн нурууны ойн судалгаа”, “Хэнтийн нурууны сибир хушин ойн судалгаа”, “Монгол орны хушин ойн үрийн судалгаа”, “Хиймэл дагуулын тандалт судалгаа, тооллого” зэрэг төсөл судалгааны ажлуудыг хийж иржээ.

Тэгэхээр ийм бага, эсвэл дунд ургацтай жилүүдэд самрын экспортыг хориглож, хушин ойгоо амраах нь жинхэнэ төрийн бодлого болохоор байгаа юм. Харин тэр хооронд нь төр болоод үндэсний компаниуд, бусад иргэн аж ахуйн нэгжүүд дээр дурдсан шиг үйл ажиллагаа явуулж, хушин ойг хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах ёстой болж байна.

\

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button