Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4%, төмрийн дутал 29,4% байна

  Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ажлын хэсгээс “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт нээлттэй цахим хэлэлцүүлгийг улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах гэж байна.

    “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим асуумжийг бөглөх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болж, өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэн бүртгүүлээд байна.

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдах “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлэгт цахим асуумжийн үр дүнг танилцуулах бөгөөд Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, санал солилцох юм.

Иймд эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр төр, засгийн бодлого шийдвэрт тусгах чухал ач холбогдолтой энэхүү цахим хэлэлцүүлэгт дараах https://forms.gle/rZBYVbrBZP3J9aDp9 линкээр орж бүртгүүлнэ үү. Цахим хэлэлцүүлгийн бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл явагдана.

    Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгдэж, энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4%, төмрийн дутал 29,4%, цус багадалт 21,4% байна.

    Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2000 оноос 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэдэг судалгаа гарчээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button