Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2023/10/03/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.

Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх түүхэн шийдвэр гарч, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 9000 орчим гарааш буулгаж, ногоон байгууламж болгох ажил үргэлжилж байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт ч үргэлжилж байна. Анх удаа дотоодын компани Зайсангийн гүүрийг есөн сарын хугацаанд ашиглалтад орууллаа. Яармагийн гүүр гүүрийг үндэсний компани барьж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний замыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадахгүй байсныг эхлүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Түүнчлэн Тойрог хурдны зам, “Эрдэнэс Баянбогд” төсөл, метро, Улаанбаатар хотын бондын ажил цаашид үргэлжлэх ёстой. Мөн Улаанбаатар хотын багц хуулийг батлах шаардлагатай. Ингэснээр хотын эдийн засаг тэлж, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ.

Хотын ажлыг нийслэлийн харьяа агентлагууд нугалдаг. Ковид болон үерийн үед хамтран ажиллаж, ачааны хүндийг үүрэлцсэн бүх хүнд талархал илэрхийлж байна. Хот гэдэг том айл. Асуудлыг тухай бүр шийдээд явсан бол өнөөдрийн энэ тулгамдаад байгаа асуудлууд үүсэхгүй байсан. Цаашид сайн ажиллахыг хүсье. Хотын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана” хэмээлээ.

Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв

Он гарснаас хойш Хотын дарга 28 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр л гэхэд 14 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байв. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Сайжруулсан шахмал 120 мянган тонн түлш нөөцлөөд буй. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоогоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулах түр журмыг баталж, суурилуулалтын ажил эхлэх үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн 305 сургууль, 712 цэцэрлэгт “Гараас гарт” арга хэмжээг зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй юм.

Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана

Үүний дараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Захирамжийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 1642 барилгын 720 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаа явуулж, мэдээллийг хүргүүлэхэд 29 иргэн, аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүллээ. Үүнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, есөн иргэн, аж ахуйн нэгжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, 1632 барилгын 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, цахим болон цаасан суурьтай мэдээллүүдийг дахин шинэчилж байна. Цаашид барилга, байгууламжийн зөвшөөрөл олгохдоо ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана хэмээв.

8500 орчим гарааш чөлөөллөө

Гарааш, хашаа, хайс чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-Энэ жил 133 байршилд 2352 гарааш чөлөөлөхөөс 2100 гарааш чөлөөлөөд байна. 2020 оноос хойш 8500 орчим гарааш, 465 байршилд 26,267 метр хашаа буулгаж, газар чөлөөллөө. Одоо буулгах шаардлагатай 2000 орчим гарааш бий. Нийт 26 га орчим газрыг чөлөөлж, нийтийн эдэлбэрт авсан гэлээ.

Хотын дарга ногоон байгууламжийг сайжруулж, стандартыг баримталж ажиллах хэрэгтэйг хэлж байв.

Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын ажил 10 хувьтай байгаа. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно хэмээв.

Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна

Мөн дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодрууллаа.

Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай, давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.

Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна. Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд:

-Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд зүйлсэд нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн. Мөн гадаад улсуудад зорчсон иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдын дайвар ачаа авах зэрэг эрсдэлүүд үүсэж байна гэлээ.

Үүнтэй холбоотойгоор хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх талаар холбогдох төрийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэл, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих.
  • Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас холбогдох нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.
  • Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх зэрэг үүрэг өгөв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button