Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

Аялал жуулчлалын тухай хууль нь байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Хуулийн төслийг холбогдох хуулийн төслүүдийн хамт Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

Хуульд аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой дараах зохицуулалт тусгагдсан.

Мөн аялал жуулчлалын бүсийн талаар дараах зохицуулалт тусгагдлаа. Үүнд:

-Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана. Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална;

-Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтоох бөгөөд улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно;

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан бөгөөд хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.

Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуульд салбарын хүний нөөцийн болон мэргэжлийн чанартай зарим асуудлыг хариуцан ажиллах нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр заасан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

Аялал жуулчлалын тухай хуулийн хамт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 90 хоног хүртэл хугацаагаар аяллын зорилгоор ирсэн гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд худалдан авсан бараанд төлсөн албан татварыг буцаан олгохоор зохицуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар, ариун цэврийн байгууламж байгуулсан бол зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор зохицуулсан. Мөн тур операторын үйл ажиллагааны орлого, гарааны компани байгуулан ажиллуулсан бол татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт тусгагдлаа.

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button