Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, 12,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг сонслоо.

 Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын хүн ам 3.457.548 болж өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266.024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36.363, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгааг онцолсон.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээний бүтэц болгож, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийж, утас, чат, мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авч байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Улсын хэмжээнд 737 хамтарсан багт 6008 гишүүн ажиллаж байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн гэв.

Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төв үйлчилгээ үзүүлж, 18 хүртэлх насны 974 хүүхэд, 19-21 насны 86 залуу үйлчилгээ авч байна. Нийт хүүхдийн 8.1 хувь нь буюу 86 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 130 хүүхэд, Хүүхдийн төв сувилалд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн 19-34  насны хүн өнөөг хүртэл амьдрах тохиолдол байна. БШУЯ-ны мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд 7171 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг  таван аймагт байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж байна гэж байлаа.

Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага, 5-18 насны нийт хүүхдийн 12 хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 532 дотуур байранд 35077 хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургууль дотроо спорт заалгүй 201 сургууль, урлагийн заалгүй 446 сургууль байна гэсэн юм.

2022 онд улсын хэмжээнд 135 сургууль буюу 20,7 хувь нь хүүхэд тээвэрлэх автобустай, 515 сургууль огт автобусгүй байсан бол 2023 оны байдлаар улсын хэмжээнд 292 сургууль хүүхэд тээвэрлэх автобустай болсон байна. Үүнээс төрийн өмчийн 72 сургууль, төрийн бус өмчийн 220 сургууль автобустай. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 650 сургуулиас 560 нь гадна камертай, огт камергүй 90 сургууль байх бөгөөд дотор камертай 589 сургууль, огт камергүй ерөнхий боловсролын 61 сургууль байна. Засгийн газрын шийдвэрээр 2022 оноос цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нь бага насны хүүхдийн хөгжих, хараа хяналттай байх, эцэг, эх ажлаа хийх боломжийг бүрдүүлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж,  уг санд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нараас гаргасан саналын дагууХүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг холбогдох Байнгын хороонд даалгалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button