НҮБ: Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих нь хүний эрхийн томоохон зөрчил

2022 оны аравдугаар сард НҮБ-ын шинжээч нар Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа хийгээд явсан.  Тэд Монгол Улсад хүний эрх хэд хэдэн салбарт ноцтой  зөрчигдөж байна гэж дүгнэсэн билээ.  Тухайлбал,  иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Мөн хүний үгээ хэлэх,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах тохиолдол нэмэгдэж байна хэмээн НҮБ-ын  шинжээчид дүгнэсэн байдаг.  Тэгвэл  өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан дүгнэлтийг дэлхий дахинаа зарласан.  Ингэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу НҮБ-ын хүний эрхийн шинжээчид ирж дүгнэлт хийгээд явсны дараа Монгол Улс иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог асуудалд өөрчлөлт гаргаагүй, удахгүй холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн мэдээллийг ХЭҮК-оос нь ирүүлсэн гэсэн мессэжийг дэлхий дахинаа өгсөн юм.  НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийн судалгаагаар  “Монгол Улс 2020,2021 онд баривчилгаа явуулахдаа шүүхийн шийдвэргүйгээр буюу 48 цаг цагдан хорьсон нь нийт баривчилгааны 98-99 хувьд байна” гэж дүгнэжээ.  Энэ нь Монгол Улс хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганаар дүгнэхэд хүргэсэн юм. 

Тэгвэл энэ асуудлаар “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр “ Шүүхийн шийдвэргүйгээр иргэнийг цагдан хорьдог тухай НҮБ-ын шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор манай эрх бүхий албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж байсан.  Тэд  энэ асуудал бүгд хуулийн хүрээнд явдаг процесс гэдгийг тухайн үедээ тодотгож байв.  Тэгвэл Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн  хурлаар Монгол Улсын хүний эрхийн зөрчлийг дэлхийн дахинаа зарлалаа.  Тэгэхээр Монгол Улс хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог асуудалд гарцаагүй өөрчлөлт хийж, засч сайжруулах нөхцөл  байдал үүсч байна.  Бид Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох хууль тогтоомжуудад хүнийг цагдан хорих байдлыг тусгасан тэр заалтын хүрээнд явж байна.  Тэгвэл НҮБ Монгол Улсын хууль тогтоомжид байгаа энэ зүйл заалтыг хүний эрхийн зөрчил хэмээн дүгнэсэн учраас олон улсын жишигт нийцсэн байдлаар өөрчлөлт хийх нь зүйтэй.  Олон улсын байгууллага иргэнийг дөрвөн цаг байна уу, 48 цаг байна уу эрхийг нь хязгаарлах гэж л байгаа бол эхлээд прокурор, шүүхээсээ зөвшөөрлөө ав гэсэн шаардлагыг тавьж байна.  Тэгэхээр энэ асуудалд УИХ-аас томилогддог ХЭҮК санаачлагатай ажилламаар байна. Олон улсын жишигт нийцсэн эрхзүйн тогтолцоог бий болгох нь зүйтэй” гэлээ.

“Зууны мэдээ” сонин

Т.Батсайхан

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button