Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн /2023.10.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хууль санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр танилцууллаа.

Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх асуудлын хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн бус байгууллагуудаас саналыг авахад дэмжсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт дээр явуулж, Батлан хамгаалах яамны албан ёсны цахим сайтад иргэдээс санал дүгнэлт авахаар хуулийн төслийг байршуулсан бөгөөд санал ирээгүй болно. Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс хуулийн төслийг боловсрууллаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгасан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох,  дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Хоёрдугаарт,  цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Гуравдугаарт, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа  хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг, дөрөвдүгээрт, цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгав гэв. 

Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд харах чөлөөний хугацааны төсвийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсэн болон хүүхэд харах чөлөөтэй байх үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хэрхэн зохицуулж ирсэн, тэдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэсэн нь жилд хэдэн хүн хамрагдаж хэдэн төгрөгийн төсөв зарцуулагдах талаар, өмнө нь олгож ирсэн цэргийн цолны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодох заалт нь уг  хуулийг дордуулж эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төслийн хамрах хүрээнд Төрийн цэргийн бүх байгууллага орж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулиар олгогдсон жирэмсний болон амаржсаны дараах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажиллаж байх хугацааны үндсэн цалин хөлснөөс тооцдог бөгөөд түүнээс хойш хүүхдээ 3 нас хүртэл харах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохыг ялгах эсэх талаар, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох гэснийг Төрийн албаны хуультай нийцүүлэн ажилласан жилтэй нь дүйцүүлэх талаар,  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ахмад настны тухай хуулийн насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгодоггүй хуулийн хийдэл байгааг хэрхэн зохицуулах талаар, цэргийн анги, салбарт ажиллаж байгаа энгийн алба хаагчдын эрх зүйн байдлын талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлээгүй бөгөөд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв.  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Ганибал, Д.Ганбат, Т.Аубакир нар асуулт асуусан. Тухайлбал, цэргийн эмэгтэй албан хаагчдыг хэрхэн бэлтгэж байна, дайчилгааны бэлэн байдлыг хэр хангаж байгаа тухай, алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн албан хаагчдын хүүхдүүдийн боловсролд хэр анхаарч байна, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдыг эргэн ажлын байраар хангах боломж бий эсэх талаар асуув. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  2021,  2023 онуудад  дайчилгааны болон орон нутгийн хамтарсан сургалтыг зохион байгуулсан. Монгол Улс дайчилгааны нөөц, чанарын хувьд боломжтой хэмжээнд байгаа. Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн эрсдэлийг тооцсон төлөвлөлт, бэлтгэлд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоо байгаа. Дэлхийн дундаж 13-15 хувьтай бол манайх 11 орчим хувьтай байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмэгтэй албан хаагчид хүйсийн ялгаагүйгээр  цэргийн инженер, офицерийн болон ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Алслагдсан анги, салбарын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч эхэлсэн. Харин хүүхдийн боловсролын асуудал хүндрэлтэй байгаа. Тухайн сум, орон нутгийнхаа Ерөнхий боловсролын сургуульд суралцахаас өөрөөр шийдэх боломж байхгүй. Албан хаагчийн ихэнх хүүхдүүд гэрээсээ хол тухайн орон нутгийн  сургуулийн дотуур байранд амьдарч сурч, хүмүүжиж байна. Цэргийнхэн 45 наснаас тэтгэвэрт  гардаг. Тэднийг дараагийн амьдралд бэлтгэх талаар тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, мэргэжил, туршлага, чадварыг нь харгалзан тодорхой ажлын байранд ажиллуулахыг эрмэлзэж байна гэв. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж олонхи үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлж, дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button