Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дан ганц төр гэхээс илүүтэйгээр хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо нэн чухал болохыг онцлов. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хотын зүгээс салбар бүрийн хүрээнд дэмжин ажиллах, цаашид нийслэлтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Тодруулбал, бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллах боломжтой. Мөн төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой” хэмээлээ.

Уулзалтаар үндэсний болон хотын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийслэлийн тулгамдаж буй асуудлууд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button