Ард түмэн бядаа гэж бодож, Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан та нарыг сонгосон шүү дээ!

Хотын дарга Хишгээгийн Нямбаатар амны алдас хийлээ. Амны алдсыг барьж болдоггүй айхтар зүйл л дээ. Гаргалгаа гаргах бядгүй масс гэлээ. Гаргалгаагаа тэр таны бядгүй гээд байгаа масс чинь аль эрт гаргасан юм, Х.Нямбаатар аа!

Тэр нь аз жаргалтай Улаанбаатар болгоно, эрүүл аюулгүй, түгжрэлгүй эко хот болгож, ард түмнээ аюулгүй орчинд амьдруулна аа гэсэн таны яруу алдарт Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эх оронч үг хэлд тань итгээд сонгочихсон сүүлийн найман жилийн гаргалгаа юм аа.

Ард түмэн чинь ингэж та бүхэнд итгэж, хамаг бүгд гаргалгаагаа хийгээд, горьдоод та бүхнийг сонгосон юм аа. Гэтэл та, танай нам өдгөө найман жил засаглачхаад ард түмнээ ингэж могдорлон, үйлийг нь үзэж, арчааг нь алдуулж, түлшгүй, эрчим хүчний додомдолтой, бүх үзүүлэлтээрээ хамгийн адгийн амьдруулах чинь тэгээд бядтай байгаа хэрэг үү.

Үгээ олж яриарай та, угтаа бол сонгуулиар та бүхэн улс орныхоо төлөө үсээ үгтээж зүтгэнэ, биднийг сонгоод өгөөрэй гэж амлаж гарч ирчхээд одоо ингэж байгаа чинь дарангуйлал уу.

Ардчилсан намынхан түгжрэлээ шийдчих эхний бодлогоо авчраад, шууд хэрэгжүүлчих, тэгвэл би ажлаа өгөхөд бэлэн байна гэж Х.Нямбаатар бас мэдэгдэв.

Ингэж томорч, ингэж муухай адарч болохгүй л дээ. Ямар ч шийдэлгүй байснаас тэгш сондгойгоор ч болов явуулах зориг гаргах нь оюун ухаан байгаагийн энгийн илрэл. Гэвч бяд нь ер алга. Нийтийн тээврээ та нар аль эрт шийдэхгүй яасан юм. Бүх мөнгийг нь идэж ууснаас автобус унаагүй иргэд цардмал зам дээр дагжин чичрээд байж байна. Энэ бядтай байгаа явдал уу.

Шөнөжин хүмүүс шатахуунд дараалал үүсгэн балгыг аваад, түгжрэлд өнөөхөө шатаагаад дуусгаж байна. Энэ бядтай байгаа үзэгдэл үү.

Эрчим хүчээ хязгаарла, хэмнэ гээд ноолийнхоо суултуурыг халаахыг хүртэл хязгаарлахыг та нар зааж байгаа чинь их бяд уу.

Ард түмэн та бүхнийг найман жил засаглуулах бололцоогоор хангасаар атал, гаргалгаагаа хийж та бүхнийг сонгосоор атал, та нар улс оронд ямар ч дэвшил авчирсангүй, идэж ууж, шамшигдууллаа, худлаа гэвэл, өнөөдрийн 44 их наядын нүүрсний хулгайн сонсгол чинь юу юм.

Та бүхний идлэг уулгын л бяд. Улс орноо үгүйрүүлэн, дорой арчаагүй болгож байгаа урвуу бярны чинь үйлчлэл. Өөр юу ч биш.

Түгжрэлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан амьд эсэх нь тодорхойгүй. Ард түмнээ ингэж түгжрүүлэн, арчааг нь алдуулж байгаад уучлаарай гээд ядахад хэлдэг байгаа даа. Таг чиг. Ийм “хоолны сав”-ны хэрэггүй ээ, Ерөнхий сайд аа. Шалавхан энэ бүтцийг үгүй болгож, ядарсан төсвөө хэмнэ.

Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар хоёрын гар дээр Улаанбаатар очоод, Д. Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын үеийнхээс дордож байна.

Ардын нам ингэж арчаагаа алдан, ард түмнээ “гийгүүлж” байгаа нь энэ үү. Үнэндээ ард түмэн цөхөрсөн байна. Ингэж ч улс орныг удирдаггүй байх аа.

Итгэл дууссан газар эрх мэдлээ өг гэдэг үг байдаг даа. Ардын намынханд, эрх баригчдад энэ үг бүрэн ойлгогдох учиртай. Ард түмэн бид, одоо яах вэ, Х. Нямбаатар аа.

Б.ДОРНО

Эх сурвалж: Amlalt.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button