Дахин сонгож болохгүй улс төрчид: Ард түмэн хэн нь хэн вэ гэдгийг дахин дахин нягталж байж сонгуульд саналаа өгөх учиртай

Эрх мэдлийг ард түмэн өгдөг. Түмэн олон сонгож, төр улсын жолоог бариулахаар УИХ-д илгээдэг. Гэвч, ард түмний энэ итгэл, энэ сонголт үнэгүйдэн талаар болохыг бид олонтоо харж байна. Гэрч нь болсоор байна.
Архангай аймгийн ард түмэн гэхэд 2020 онд МАН-ын гурван хүнийг арван зургаан онд сонгосон шигээ давтан сонгоод УИХ-д илгээсэн. Гэтэл одоо хоёр нь нэгэнт Архангайчуудыг хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөхөө больж, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байна.
Ж.Мөнхбат ийн ээрэгдэж байгаад гадаадад явж одож. Ё.Баатарбилэг нь яллагдчихсан. Г.Тэмүүлэн УИХ-даа байгаа авч, түүний аав, ээж гэр бүлийнхэн Эрдэнэт үйлдвэр, ЖДҮ-тэй холбогдон, улс орныг хохироосон байдлаар бол энэхүү үлдсэн нэг гишүүн нь хэдийнээ ард түмний сэтгэлд гишүүн биш болжээ.
Ард түмний оюун санаа дахь ёс зүйн хариуцлагаар бол Г.Тэмүүлэн хэдийнээ гишүүнээсээ “огцорсон”. Г. Тэмүүлэнд ч гишүүн байх тийм ёс зүйн эрх байхгүй болчихсон.
Монголын ард түмэн дахин ийм сонголт хиймээргүй байна аа, ирэх сонгуульд. Тийм учраас Архангайн энэ жишээн дээрээс, ар араас нь залгах олон жишээн дээр ард түмэн минь нэн хариуцлагатай шинэ сонголтын жил байлгая аа, 2024 оныг гэж “Амлалт.МН” сайт бичээд байгаа билээ. Сануулаад байгаа билээ.
Архангайн араас Говь-Алтай нэгэнт залгасан. Ш. Раднаасэд, Б.Энх-Амгалан хоёрыг мөн Алтайчууд хоёр дахин давтаж сонгосон. Эдүгээ хоёулаа яллагдагчаар татагдан, хууль шүүхийн байгууллагын хаалга сахин сууж байгаа гэх.
Албан тушаал, авлига, нүүрсний гэсэн хэргүүдийг тэдэнд хамааруулан яллаад байгаа гэнэ билээ. Б.Энх-Амгаланг нь шүүх хурал хэзээ мөдгүй болох гэж байгаа дуулдана. Оны өмнөхөн байгаад хэд хоногоор хойшилсон.
Энэ мэт байдал нь Алтайчуудыг хэдийнэ энэ хоёр гишүүнийг гишүүн бишээр тооцох үндэслэлийг бүрдүүлчихсэн. Энэ хоёр хүн одоо, Говь-Алтайд очоод нэмэргүй л байх. Иргэд дахин сонгохгүй л болов уу.
Бүсчилсэн том тойргоор бол бүр ч эвгүй болсон. Ингэхээр эдгээр хүмүүс УИХ-аас бууж одох бүрэн үндэслэл бүрдсэн гэлтэй.
Говь-Алтай аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон энэ хоёр хүн улс төрөөс харихаар болсон төлөв ингэж тодорхой ажиглагдаж байгаа.
Говь-Алтайн хоёр гишүүнийг Д.Амарбаясгалан нь ноцсоор, ноолсоор ийм болголоо гэж улс төрийн хүрээнийхэн ярих билээ.
Улс төрийнхөн ч гэлтгүй нийгмээр л нэг ярьж л байна л даа. Угтаан бол, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан хоёр Д.Амарбаясгаландаа ноцуулахаар алдаагүй явах ёстой байх л даа.
Тэгж чадаагүй болохоор тэгж ноцож, ноолоод байгаа байх. Ямартаа л нийгэм энэ хоёр гишүүнийг Д.Амарбаясгаландаа арчигдчихлаа гэхэв дээ.
Ардын намд ч но-гүй хүн үнэндээ алга даа. Д.Амарбаясгалан ч сая нүүрсний сонсголоор хаягаа зүүчихлээ. Ямартаа л Ц.Элбэгдорж Амарбаясгалантай төгсөв гэж сонсголыг бичиж байх вэ дээ.
Манай сайт “Дахин сонгож болохгүй төрч” булан эхлүүлж байна. Энэ нь харьж, хөгширсөн гэдэг утгаараа бус хулгай худалд нэр нь холбогдсон, хууль тогтоогч байх ёсгүйн боломжгүй болсноос үүдэн дахин сонгож боломгүй улс төрч гэж ойлгогдож, нийгэм ч тэгж "хүлээн зөвшөөрч" байгаа улс төрчдийг нэрлэх юм.
Энэ нь өөрсдөөс нь хамаарч байгаа үндэслэл. Яагаад гэвэл тэд бүгд гэмт хэрэг, зөрчилд орооцолдон, яллагдаж, ард түмний оюун санаанд гишүүн биш байхаар тооцогдож, тэд яаж ч хичээгээд сонгогчдын дэмжлэгийг нэгэнт дахин авч чадахгүйд хүрсэн хүмүүс юм.
Эдгээр хүмүүсийн тоонд эхний ээлжид зүй ёсоор Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар орно гэж байх. Сонгуульд нэр дэвшихээс наана нь өөр газар руу орчихгүй л бол тэднийг дахин сонгохгүй биз ээ ард түмэн.
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn