Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т. Доржханд, бусад намын дарга нар аа, гагцхүү нэр цэвэр л хүмүүс дэвшүүлээрэй!

МАН, АН-аас УИХ-д дэвших магадлалтай хүмүүсийг “эгүүр.мн” сайт оны эхэнд онцлон тоймлов. Гэтэл “эргэлт.мн” сайт хариу болгож байгаа гэлтэй “МАН гэмт хэрэгтнүүдээ бүгдийг нь дэвшүүлнэ” гээд нийтлэл гаргажээ. Үнэхээр дээрх сайтуудад бичсэнээс харвал хоёр намаас нэр дэвшиж болзошгүй гэж нэрлэгдэгсдийн бараг талаас дээш хувь нь нэр цөвтсөн, хулгай худалд холбогдсон улс харагдах. Ийм нэр дэвшигчид байвал, хэнийг нь дэмжих вэ дээ, ярих юм алга гэх нийгмийн үг аяс маш их байна.

 

Монголын улс төрд байгсад нийтээрээ шахам нэр хүндгүй болсон. Эрх ашиг, хулуу хулгай, завхрал шамшигдууллын ямар нэг асуудалд оролцоогүй, ороолдоогүй хүн өдрийн од мэт цөөн болсон. Ямартаа л улс 44 их наядын нүүрсээ хулгайлуулчихаад, эзэн холбогдогчийг бага сага тогтоосон ч, хууль шүүхийн байгууллагаас тэдэнд ял зэм хүлээлгэж, хохирлыг барагдуулж, шударга ёс хүссэн иргэдийн хүлээлтэд бүрэн дүүрэн хариуцлагын дүн өгч чадахгүй байгаатай маргах хүн үгүй биз.

Улс төр хийж байна, өрсөлдөгч намналаа гэсэн ганцхан үгтэй элдэв бусад холбогдсон УИХ-ын гишүүд хавтгайдаа байгаа. Нэр бүхий гишүүдийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн. Архангай, Өмнөговь аймаг, Чингэлтэй дүүргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй өнчирсөн. Бодит байдал ийм л байгаа.

 

Одоо гэхэд А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гээд шүүх, хуулийн хяналтын шатанд ээрэгдээстэй явж байна. Монголын улс төрийг үнэхээр үндсээр нь цэвэрлэх, угаас нь тунгалагшуулж, нэн шинэ хүмүүс сонгох зайлшгүй шаардлагатай болсон байгаа. Шударга нэгнээ бөөрөлхөж боорлоод хар гэрт хорино. Улсаас нэг эрх ашгийн сонирхол үгүй Н.Номтойбаярыг сонгуулийн өмнө баривчлаад хорьж байв. Улс төрийн үнэнхүү дүр төрх иймэрхүү л байгаа. Хэрэг түвэгт холбогдсон, асуудал учиг нь тод тодорхой буруутнууд нэг зүйл хэлдэг. Шүүх бурууг тогтооно. Түүнээс наана хэнийг ч гэмтэн гэж үзэхгүй гээд мэлзээд суучихдаг. Үнэн л дээ. Шүүх тогтоодог нь. Гэвч шүүхийг шүүх байж чадахгүй байна гэдэг яриа ямар их байгаа билээ. Нийгэм тэр чигээрээ мэдэж байгаа.

Гэхдээ, УИХ-д нэр дэвшихээр хүсэгсэд, нэр дэвшигчдийг сонгох ард түмэн нэг л зүйлийг онцгой мэдэж байх ёстой. Энэ бол нэгэнт бурууд холбогдож, нэр төр сэвтсэн хэнбугайг ч УИХ-д сонгохгүй байх явдал. Ард түмний оюун санааны шүүх жинхэнэ шүүхийн байгууллагаас өмнө буруутныг хэдийнээ шүүчихсэн байдаг. Ард түмний оюун санааны шүүхээр нэгэн яллагдчихсан хүмүүсийг МАН, АН түүний дарга нар УИХ-д огтхон ч дэвшүүлэхгүй байх нь Монголын эрх ашиг байна. Амин эрх ашиг байна. Тиймээс Л. Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, бусад намын дарга нар аа, гагцхүү нэр цэвэр л хүмүүс дэвшүүлээрэй. Энэ бол Монголын ард түмний чин хүсэл шүү.

Б.БАЯР

Амлалт.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button