Б.Галмандах: Утаагаар мөнгө хийгсэд буюу “”Тавантолгой түлш”” компанийн талаарх 50 хуудас нотлох баримтыг АТГ-т өгч байна

“Тавантолгой түлш” компанийн талаар 50 хуудас баримт бүхий материалыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар хүргүүлж байгаа талаараа сануулга.мн сайтын сэтгүүлч, иргэн Б.Галмандах мэдээлэл хийв.

Тэрбээр “Хотын агаарын бохирдол буурахгүй, жилээс жилд улам нэмэгдэж, тэр хэрээр иргэд та бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэг, халдварт өвчиний тоо жилээс жилд нэмэгдэж, хүүхэд багачууд ханиад томуунаас салахгүй байгаа нь агаарын бохирдолтой тэмцэх ажил үр дүнгээ өгөөгүйг бидэнд бэлхнээ батлан харуулж байна.

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-аас ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ тогтоол гаргаж, "Таван толгой түлш” компанийг байгуулж, түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр орлуулж хэрэгжүүлж эхэлсэн.

Түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн 2019-2020 оны өвөл агаарын бохирдол буурч, утаа багассан боловч дараа дараачийн өвөл энэ ажил үр дүнгээ өгсөнгүй гэж хэлж болно.

Таван толгой түлш компани Хотын баруун, зүүн бүсэд үйлдвэр барьж, 4 жил дараалан үйл ажиллагаа явуулж, хотын хэмжээнд сайжируулсан түлш түгээж ажилласан ч хотын агаарын бохирдол бодитой буурсангүй.

Төрөөс жилийн жилд эдгээр үйлдвэрүүдэд их хэмжээний зардал гарган өгч, татвар төлөгчдийн мөнгө асар ихээр зарцуулагдаж, ойролцоогоор 3.5 их наяд төгрөгийн зардал гаргасан ч бид хүссэн үр дүндээ хүрсэнгүй.

Харин ч "агаарын бохирдол"-оос мөнгө хийгчид төрж, тэнд удирдах албанд ажиллаж байсан нөхдүүдийн зарим нь "ТЭРБУМТАН" болтлоо хөлжжээ.

Манай Сануулга.мн сайт агаарын бохирдлын асуудлыг хөндөж, олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд “Утаагаар мөнгө хийгсэд" хэмээн нотлох баримт бүхий цуврал нийтлэлийг бичсэн ч, хэн ч түүний мөрөөр шалгалт явуулсангүй, хууль хяналтын байгууллага анхааралдаа авч ажилласангүй.

Тиймээс…. Монгол Улсын иргэний хувьд, сэтгүүлчийн хувьд миний бие АТГ-т хандан дараах асуудлуудыг шалгаж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Сүүлийн 5 жилд ажилласан энэ үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нарын санхүүгийн захиран зарцуулалтыг

2. ТТТ компанийн томилгоо, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авалт зэрэг үйл ажиллагаа нь СХД-ээс сонгогдсон нэр холбоотой эсэх асуудлыг бүхий улс төрчидтэй холбоотой эсэх асуудлыг

3. Энэ үйлдвэрт ах дүүгээ, амраг саднаа, анд найзуудаа авч ажиллуулж, хамгийн ашигтай албан тушаалуудад томилж, улмаар ургийн сүлжээ бий болгон тендер худалдан авалт, тээвэр, түгээлтийг бүгдийг нь хуу хамдаг "бүлэглэл" үүссэн эсэхийг 4. СХД-ийн МАН-ын идэвхтэн, сонгуульт ажилтан, гишүүд зэрэг 100 гаруй хүмүүс ТТТ компаниас СУЛ ЦАЛИНЖДАГ эсэх асуудлыг

5. Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа түүхий эд, барьцалдуулагчийг ямар компаниуд хаанаас, ямар үнээр, хэрхэн оруулж ТТТ компанид нийлүүлдэг, үүнд авлигын ямар хамаарал байж болох тухай асуудлыг

6. Нүүрсний сонсголын хүрээнд ТТТ компанитай холбоотой яригдсан архивын баримт устсан, шуудайны тендерт ТУЗ-ын гишүүн нь оролцсон, компани нь ашиггүй байхад ТУЗ-ийн гишүүд нь өөрсдөө урамшуулал авсан зэрэг асуудлыг

7. ТТТ компани шилэн дансаа хөтөлдөггүй, санхүүгийн тооцоогоо ил болгодоггүй байдлын цаана ямар ашиг сонирхол нуугдаж байгааг

8. Таван толгой түлш компанийн Баруун үйлдвэрийн дарга М. Чанар боруулалтын газрын дарга У нарыг залилан, авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгасан гэх боловч асуудал нь тэгсгээд намжисны шалтгааныг

9. Барьцалдуулагч судлах нэрээр зуны гурван сарын хугацаанд хэдхэн хүн буюу өөрсдийн багийн гишүүдээ авч гурван удаа БНХАУ руу 100 орчим сая төгрөгийн томилолтоор явсан. 12 сард болсон нүүрсний сонсголын үед барьцалдуулагчийн төлбөрийг ажилтны хувийн дансруу шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ нь ТТТ компанийн нэр бүхий албан тушаалтнууд барьцалдуулагчийг өөрсдөө оруулж ирж, мөнгийг нь өөрсдөө авдаг юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байгааг тус тус шалгаж өгөхийг хүсэж байна.

Таван толгой түлш ХХК-тай холбоотой эдгээр 9 асуудлыг АТГ-т шалгуулахаар өгч байна. АТГ-д гаргаж буй миний энэ хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж, ТТТ компанийг шалгаж, татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургисан, идэж шамшигдуулсан, хууль бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулна гэдэгт итгэж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button