Шагнал, урамшуулал яах вэ, “”сөхөрсөн”” улс, цөхөрсөн түмнээ “”эмнээч”” улстөрчид өө!

Манай улстөрчид, УИХ-ын гишүүд баяр ёслол дөхөөр л барагдахгүй их ажилтай болчихдог. Сошиалд ч идэвх үзүүлэхийг нь яана. Тойргуудаараа тойрно. Торго, дурдангаас авхуулаад л чамин, чамин бэлэг сэлт тараана. Малчдын хотоор зочилно, сүртэй зураг хөрөг даруулна. Бууз, банш, гэрийн ажлаа ч зүгээр хийчихгүй, патиар татуулан, сошиалаар сэвж, түүгээрээ пиар хийнэ. Ийм л элдэвтэй хүмүүс энэ улс орны хувь заяаг атгаж байна даа.

Мөн манай улстөрчдийн сар шинийн өмнө тогтмол хийдэг ажлын жагсаалтыг малчдад аварга, сайн малчны цол, тэмдэг гардуулах үйл өнгөлнө. Жилийн жилд л тийн шагналыг тойргийнхоо “иоройсон” гэх малчдад гардуулдаг. Малчдаа “торойлгохын” нэрийдлээр өөрсдөө ч мөн “торойхоо” бас умартахгүй л дээ.

Одоо бид уг нь энэ зүйлийг болимоор байгаа юм, халмаар… Социалист нийгмийн үед л тоонд анхаардаг байсан сан.  Одоо бол чанарт, үр дүнд төвлөрдөг цаг ирсэн. Мянган мал өсгөсөн малчныг сайшаан шагнахыг чухалчлахдаа бус малынхаа үүлдэр, угсааг сэлбэн сайжруулж, мөн бусдадаа үлгэрлэн, цөөн тооны малаар өндөр ашиг шим үзүүлж байгаа малчдаа л урамшуулмаар бодогдох. Мэдээж мянган мал өсгөхөд тэр малчнаас, өрхөөс нөр их хөдөлмөр гарсан, гарах нь ойлгомжтой, үгүйсгэшгүй. Гэхдээ тоонд төвлөрсөн системийг халах цаг нь эрхгүй ирсэн нь ч мөн л үгүйсгэшгүй үнэн.

Бодлогоор энэ жишгийг энэ сэтгэхүйг өөрчлөх ёстой. Гэтэл бодлого тодорхойлогчид нь өөрсдөө тийн жаягаас илүүг сэтгэж чадахгүй, мянгат, сайн, аварга малчдынхаа шагналыг биеэрээ гардуулаад л гүйцгээж байх, хөгтэй л.

Элдэв шагнал, урамшуулал тараах, тараасан дүр эсгэх нь улстөрчдийн чухал хийх ёстой ажил нь биш л байлтай. Гэтэл түүн үйлээсээ илүүг “төгс” сэтгэхгүй, сэдэхгүй нь бололтой. Сонгууль ч дөхсөн дөө. Ард түмэн тэдэнд дүнг нь тавиад өгөх биз ээ…

Д.Сүрэн

Эх сурвалж: Sanuulga.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button