Шуундаа бяртай шигээ оюундаа бядтай юу?

Пунцаг гарди шуундаа бяртай. Түүнийг нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан нүдээр үзэж, тун их биширснийг олноороо харлаа, шогширлоо, мөн шүүмжилж, шүүлээ. 4 жил сураггүй байсан нөхөр гэнэт л машин маниулдаад ороод ирлээ гэж нутгийнхан нь гишүүнээ элдэвлэж байна. Олны үг ортой гэдэг. Овоо ажиллаж байсан бол юу гээд л ингэж шоглуулах вэ дээ.

Пунцаг гишүүн 2020 онд УИХ-д үнэхээр бяралхаж гарч ирсэн. Бяртай бөх байсан шигээ бядтай түшээ байх болов уу гэж нутгийнхан нь түүнд ташуур өгсөн. Оюуны бярыг нь шалгая гэсэн. Гэтэл яав, гавиагүй ээ.

Буддын шашинд нөхөн олговор олгоно, бурхан багшийн хөшөө, цогцолбор барина энэ тэр гээд л “тэнгэрийн” юмс ярьж эхэлсэн дээ. Бүр 1072 хувьцаа эзэмшдэг бүх хүнийг нүүрсний хулгайч гээд улсаар нь гутаагаад ч амжсан.

Энэ 4 жилд ганц гийгүүлсэн амжилт нь ЗИЛ-130-ыг маниулдаад асаасан явдал нь л боллоо доо. Пунцаг гардийн цүнх баригчид нь гишүүнээ өмөөрсөн харагдсан. Манай гишүүн хувийн хөрөнгөөрөө нутагтаа дулааны станц барьж, оюуны бяраа харуулж байгаа гээд. Тийм л мөнгөтэй, сэтгэлтэй, бяртай юм бол заавал УИХ-д суух хэрэг байсан ч юм уу. Хувиараа л нутгаа тордсон нь өлзийтэй байсан биш үү. Завханд хөгжлийн хөдөлгүүр “маниулдах” хүн л хэрэгтэй байгаа болохоос хуучин тэрэгний аяыг олж асаачих, худлаа үнэн сайны дүр эсгэчих хүмүүс  мундахгүй их бий шүү дээ.

 Д.Сүрэн

Эх сурвалж: Sanuulga.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button