УИХ-ын сонгуулийн хууль УИХ-ын гишүүдэд давуу эрх олгож, шударга бус байдлыг бий болгож байна

Сонгуулийн хууль шинэчлэгдэж, парламентын сонгуулиар улс орны хэмжээнд 126 гишүүнийг иргэд сонгоно. Ингэхдээ 78-ыг нь томсгосон тойргоор, 48-ыг нь намыг жагсаалтаар сонгохоор болсон.

Энэ дагуу өнгөрөгч 2023 оны 6 сарын 16-ны өдөр УИХ-аас “УИХ-ын сонгуулийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж баталсан.

Эрх баригч МАН улс төрийн шийдэл гаргаж, өмнө нь жижиг мажоритар тойргоор сонгууль явагддаг байсан нь улс төрчдийг жалга довоор талцах, тойрогтоо төсөв батлуулах зэргээр лобби хийж ажиллах үндэслэл болж байгаа учраас үүнийг өөрчлөх зорилгоор томсгосон тойргоор сонгуулийг явуулахаар тогтсон.

Өөрөөр хэлбэл өмнө нь Увс аймаг нэг тойрог болж, тухайн тойргоор 3 гишүүнийг сонгодог байсан бол одоогийн хуулиар УВС, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН аймаг нэгдэж нэг тойрог болж, эдгээр 4 аймгийн иргэд сонгогчид 10 гишүүнийг сонгох ёстой болж байгаа юм.

Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа тойрогт нэр дэвших мандат авснаар эхэлнэ гэсэн. Энэ хугацааг тооцож үзвэл 06 сарын эхээр нэр дэвшигчид мандат авч таарна. Сонгууль 06 сарын сүүлийн өдрүүдэд болно гэж тооцоход 14-18 хоногт сонгуулийн сурталчилгаа явагдана.

Томсгосон тойргоор болох сонгуульд нэр дэвшигч ийм хугацаанд 4 аймгийн сумаар орж уулзалт яриа хийж, өөрийгөө бүрэн танилцуулах боломжгүй. Товчхондоо тэдний хувьд бол “азаа үзээд” сонгуульд оролцоно гэсэн үг.

Дээр нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын санал татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.”

Энэ хүрээнд олон нийтийг хамарсан уулзалт арга хэмжээ хийхийг бусдад хориглосон атал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “44.6.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан нь тэд тайланг аа сонгогчдод хүргэх зорилгоор бараг хагас жилийн турш ТОМСГОСОН ТОЙРОГТ АЖИЛЛАХ боломжийг өгч байна.

Учир нь 2020 оны сонгуулиар УВС аймагт сонгогдсон гишүүн зөвхөн УВС аймгийн иргэд сонгогчдод өөрийнхөө хийсэн ажлын тайланг танилцуулах хүргэх ёстой. Үүний нэг адил ЗАВХАН аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн мөн л дээрх хуулийн заалтын дагуу ЗАВХАН аймгийн иргэд сонгогчдодоо ажлын тайлангаа хүргэх учиртай.

Гэтэл, жишээ нь ЗАВХАН аймгаас сонгогдсон гишүүд өөрийн сонгогдсон аймагтаа ажлын тайлангаа хүргэх ёстой атал ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, УВС аймгийн иргэд сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулж байгаа нэрээр ажиллаж байгаа нь “СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ” гэж харахад хүргэж байна.

Ингэж хэлэхийн учир нь зөвхөн Завханы иргэд, сонгогчид л өөрсдийн сонгосон гишүүнээсээ ажлын тайланг нь сонсох учиртай болохоос биш Завханаас сонгогдсон гишүүний ажлын тайлан УВС, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ аймгийн иргэд сонгогчдод “түй ч падлийгүй” хэрэг.

Тийн атал гишүүд айлын тайлангаа танилцуулж байгаа “нэрээр” нэр дэвших магадлалтай томсгосон тойрогтоо очиж ажилласаар байна.

Дээр нь зуд турхны нөхцөл байдалтай холбогдуулан малчдад тусламж хүргэх нэрээр УИХ-ын гишүүд л алсаасаа “томсгосон тойрогт ажиллан, сонгогчдын саналыг авах үйлдлийг гаргасаар байна гэж харж болох.

Энд л УИХ-ын сонгуулийн хууль УИХ-ын гишүүдэд давуу эрх олгож, шударга бус байдлыг бий болгож байгаа гэдгийг хэлээд байгаа юм.

Ц.МӨНХ

Эх сурвалж: Амлалт.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button