Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

Либертари Нам Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд Ардчилсан Нам(АН)-тай хамтарч оролцохоо өнөөдөр зарлалаа. Сонгуульд нэгдэж оролцох саналыг улс төрийн зургаан нам тавьсан бөгөөд Удирдах Зөвлөл(УЗ), гишүүдтэйгээ ярилцсаны үр дүнд АН-тай хамтрахаар боллоо хэмээн Либертари Намын дарга Д.Амартүвшин хэллээ. 

Мөн тэрбээр “Либертари Нам нь хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг. Эрх чөлөөнд садаа болж байгаа бүгдийг улс төрийн тавцангаас зайлуулахын төлөө манай нам ажиллах болно” гэв.

АН-ын дарга Лу.Гантөмөр “Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан бол төрийн алба данхайж, хэт томорсон, төр бүгдийг шийдэх гэж оролддог, төлөвлөгөөт эдийн засгийн хэв маягаас салаагүй, өмчийн эрхийг уландаа гишгэсэн, хүний эрхийг хааж боогдуулсан гэдэг зүйлс яригддаг. 

Либертари Намын үзэл санаа бол монгол хүн өөрийнхөөрөө баймаар байна гэж байгаа. Энэ нь Монголын хөгжлийн нууцыг бүрэн дүүрэн илэрхийлж байгааг хэлмээр байна. Монгол орон бол монгол хүн бүрийн хөдөлмөр, сэтгэлгээ, оюун санаан дээр хөгжил дэвшил ирнэ гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг тод томруунаар, энгийнээр илэрхийлж чаддаг залуу үе гарч ирсэнд бид талархаж байгаа. Залуу үеэ цаашид мөрөөдлөө ажил хэрэг болгож, мөрөөдөж байгаа нийгмээ Монгол Улсад байгуулаасай гэж хүсэж, түүндээ хүрэхэд АН гүүр болъё гэсэн шийдвэр гаргаж байгаа” гэлээ. 

Либертари Намын УЗ-ийн дарга Д.Хишгээ “Бидний бизнес хийх орчин цаг өдрөөр хумигдаж байгаа. Үүнийг либертари үзэл баримтлал залуус төр маш их данхайж, бизнесийн үйл ажиллагаанд оролцож, маш их эрх мэдэлтэй болсны уршиг гэж харж байгаа. Зүүний улс төрийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлсний хор хохирол нь 30 жилийн дараа гараад ирж байна. Бид уг нь амьдрах орчноо сайжруулахын төлөө татвар төлдөг боловч зориулалтаараа хэзээ ч зарцуулагдахгүй байна, дээрэм хийж байна. Үүний эсрэг тэмцэх шаардлагатай байгаа” гэв.

Тус намын дарга Д.Амартүвшин “Либертари үзэл санаа бол жирийн иргэдийн үзэл санаа. Өдөр бүр ажлаа хийгээд ихэнх цалингаа төрд дээрэмдүүлж байгаа, үүнийг буруу гэж бодож хүн бүрийн үзэл санаа юм. Татварыг буулгах, данхар төрийг жижиглэхийн төлөө АН-тай хамтарч энэ сонгуульд оролцохоор боллоо” гэлээ.

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
монгол
1 month ago

өө хөөрхий нөгөө монголын 2 дахь том нам гэгддэг АН хэн ч мэдэхгүй шахам Либератори гэх гадаад нэртэй намтай нэгдэх дээрээ тулсан бол мөн ч их доор орж дээ
Гантөмөр өө, Монголын төрийн эрх барилцаж байгаа энэ том гэгдэх АН намыг ингэж доош нь чихэх хэрэг байгаа юм уу

Тогосбаяр
1 month ago
Reply to  монгол

Энэ алиалагч жүжигчин залуу ёстой холоо очиж алиал!!!

Back to top button