Нийслэлийн 12 дугаар сургуулийн барилга хугацаанаасаа өмнө ашиглалтад оржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Ажлын хэсэг Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянасан. Барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.

12 дугаар сургууль 82 бүлэг 3180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижуулжээ.

Эх сурвалж: БШУЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button