“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2024” өдөрлөгийг зохион байгууллаа

Өнөөдөр“Инженер, технологийн дээд боловсрол” (1000 инженер) төслийн хүрээнд Япон Улсад суралцаж, энэ оны 03-р сард төгсөж ирсэн нийт 65 төгсөгчийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2024” өдөрлөгийг зохион байгууллаа.

    Энэ төсөл нь Япон Улсын Засгийн газрын 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, Япон Улсын Коосэн технологийн коллеж болон их, дээд сургуульд суралцах, Монгол Улсын инженерийн чиглэлийн их сургуулиудын сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулах, Япон Улсын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгааг хийх замаар инженер, судлаач хүний нөөцийг хөгжүүлэхээс гадна сургалт, судалгааны тоног төхөөрөмж худалдан авах байдлаар Монгол Улсын инженерийн чиглэлийн их сургуулиудын чадавхыг дэмжих зорилготой хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсад “1000 инженер” нэрээр олонд танигдсан төсөл юм.

     Энэ удаа 24 оюутан Японы Коосэн технологийн коллежид (Mэдээллийн технологийн инженер 10, Архитектур 5, Химийн инженер 2, Барилга, Хүрээлэн буй орчны инженер 1, Электроникийн инженер 5, Цахилгааны инженер 1), 41 оюутан их, дээд сургуулийн Бакалаврын зэрэгт (Механик инженер 17, Барилга, Хүрээлэн буй орчны инженер 14, Архитектур 10) тус тус амжилттай суралцан төгсөж ирсэн бөгөөд энэхүү ажлын байрны өдөрлөгт мэдээллийн технологи, механик, барилга, уул уурхай, холбоо харилцааны чиглэлийн 34 ажил олгогч компани оролцлоо.

     “1000 инженер” төслөөр өнөөг хүртэл нийт 990 оюутан, багш, судлаачид Япон Улсын Коосэн технологийн коллеж болон их, дээд сургуульд Бакалавр, Магистр, Докторын зэрэгт, мөн зэргийн бус сургалтаар судалгааны ажил хэрэгжүүлж хамрагдсанаас гадна, Хамтарсан судалгааны үр дүнд нийт 550 эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн байна. Мөн 2017 оноос хойш Япон Улсад суралцаж төгссөн нийт 544 инженер, багш, судлаачид Монгол Улсдаа ажил эрхэлж, эх орныхоо эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

ЯПОНЫ ЭСЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button