Сэтгүүл зүйн эгэх хариуцлага сэтгүүлчдийн уулзалт боллоо

Монголын Теартын Музейд болсон энэхүү уулзалтад Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг 80 гаруй сэтгүүлч, редакторууд оролцож Мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллахаа илэрхийллээ.   

Уулзалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага: Ёс зүй” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, технологийн сорилттой нүүр тулж байгаа энэ цагт хэвлэл мэдээлэл нь авлига, хууль бус үйлдэл зэрэгт хяналт тавихаас гадна олон нийтийг хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллээс хамгаалах үүргийг хүлээж байна. Тиймээс, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, бэхжүүлэхийн тул бид уншигч, үзэгч, сонсогчийнхоо өмнө эгэх хариуцлагатай байхаа илэрхийлснээр хэвлэл мэдээллийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой талаар тайлбарлав.

“Ёс зүйтэй илэрхийлэл: Сэтгүүл зүйн үнэ цэн”сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал,

– Business.mn сайтын Ерөнхий эрхлэгч Г.Даваадорж хэвлэл мэдээллийн салбарыг бизнесийн нүдээр харж, санхүүгийн эх үүсвэрийг тогтворжуулах бизнесийн загварыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай хэллээ.

– Mining.mn сайтын Сэтгүүлч Б.Баяртогтох сэтгүүлчид дагнан мэргэших, клуб болон нэгдсэнээр хөгжих боломжтой байдгийг “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ийн жишээгээр тайлбарлав. 

– Unnu.mn сайтын Ерөнхий редактор Б.Лхагвацэрэн үйл явдлыг түрүүлж мэдээлэхээс илүүтэйгээр үйл явдлын араас учир шалтгааныг тайлбарлаж, анализ хийсэн контент залуу хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгааг онцолсон. 

– “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал төлөөллийн ардчилалыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарт бүх талын дуу хоолой, олон ургалч үзэл бодол чухал. Тиймээс нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн төрөл, түвшин, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Үүний дүнд “Зууны мэдээ” сонины уншигч, захиалагч, хамтран ажилладаг байгууллагуудын итгэл үнэмшил нэмэгдэж байгаа талаар бодит жишээ дурдлаа. 

– “Монголын үнэн” сонины Эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж ажилласнаар редакцууд учирч болох бүхий л эрсдэлээс сэргийлэх боломжтой. Төлбөртэй мэдээлэл нийтэлж байгаа бол “төлбөртэй” шошгоо тавьдаг байх, эх сурвалжийн түвшнээ хангаж ажиллах, нэг ижил мэдээллийг нийтээрээ “шүүлтүүргүй” нийтлэхээс татгалзах зэрэг энгийн дүрмүүдээ баримталж, ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллавал хэрэглэгчдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдэхийг санууллаа. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button