Намуудын дарга нар ахмадууд руугаа нүдээ нээж, зөв сонголтоор нэр дэвшүүлэх нь ононо

Аливаа үйл хэрэг ахмад, дунд, залуу үе гэсэн алтан хэлхээнд оршиж үргэлжилдэг. Ахмад нь сургадаг, залуу нь дагадаг. Орчлон хорвоогийн явж ирсэн зам энэ. Ахмадууд алдааг нь урьдчилж хэлж, сануулж, алдахаас сэргийлүүлэхэд оршдог. Туршлага гэдэг бол юугаар ч орлуулашгүй бодит үнэ цэн юм. Монгол орон ээлжит парламентын сонгуулиа хийх гэж байна.

Өнөө жил УИХ-д нэр дэвшихээр горилогсдыг үзвэл, ихэнхдээ залуу улс ажээ. Бүр их шунасан, асар өлөн шинжтэй энэ чиглэлд довтолцгоох. Өөрсдийгөө дөвийлгөж, аль л байдгаараа бусдаас илүү болох гэсэн залуусын амбиц дарагдах янзгүй. Монголд ганцаараа олон улсын арбитрт шүүн таслах эрхтэй л гэнэ, урьд өмнөх үеийн улс төрчдийг хайр найргүй шүүмжилсэн залуу дэд сайдууд оодроод л, нийгэм шоолж л байна, халтартаж байна гээд шүүмжилж байна. Арбитрт шүүх эрхтэй гээд пи ардаад яваад байгаа хотын орлогч хүүхэн, Боннын Т.Алтангэрэл гэдэг бүсгүй Арбитрт ялаад Монгол улсыг хоёр зуу гаруй сая долларын эрсдлээс хамгаалж байсаныг мэддэг болов уу. Мэддэггүй л шиг, хийж байгаа сурталчилгааны нь увайгүй байдлаас үзвэл.

Энэ мэтээр Монголд дээд үеэ, ахмадуудаа үгүйсгэх байдал их боллоо. Парламент бол нийгмийн бүлгүүдийн өв тэнцүү төлөөлөл байх учиртай. Ингэж ч хуульлагдсан, ертөнцийн жишиг ийм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, малчдын төлөөлөл, оюутан залуусын төлөөлөл орох гээд жагсацгааж байх шиг байна. Гэтэл харин ахмадуудыг үгүйсгээд байгаа нь тун таагүй. Туршлага, мэдлэг, амьдрал практик ойлгосон ахмад хүмүүсээ дахин УИХ-д дэвшүүлэн сонгох хэрэгтэйг эрхбиш намуудын дарга нар ухаарч байгаа биз. Ухнагүй сүрэг, эцэггүй гэр байдаггүйтэй адил. Ази, дорно дахины орны эрх баригчид, төрийн тулхтай түшээ нар дандаа л дал гарсан хүмүүс байна. Манайхан дал ч хүрээгүй хүмүүсээ адлах гээд байгаа нь сайн зүйл огт биш. Өнөөдрийн парламентэд ная шүргэсэн Д. Дэмбэрэл, дал шүргэсэн Д.Лүндээжанцан нар сууж байхад болохгүй юм ердөө байхгүй. Үнэндээ ч тэдний дайтай ёс зүйтэй, шуналгүй, туршлагатай, тэнхээтэй, тэнхлэгтэй улс төрчид цөөн байна шүү дээ. Америкийг ная гарсан Жо Байден, Хятадыг дал гарсан Ши Жинь Пин удирдаж байна. Ная гарсан Трамп дахиж өрсөлдөх гээд өндөр рейтингтэй явж байна. Супер гүрнүүд ингэж супер ажиллуулж байна, ахмадуудаа. Энэтхэг, Японы парламентыг хар, дал гарсан, ная дөхсөн ханагарууд л сууж байгаа. Хар хор ангижирсан, хатаагдсан, эрх ашиг, олз омогт үл омтгойрох ийм л хүмүүсээр соёлт хүн төрөлхтөн удирдуулж байна. Үр дүн нь, бодит илэрхийлэл нь хөгжил, эрүүл зөв засаглал, өөдтэй өнгөтэй байдал.

Манай УИХ-д эдийн засгийн өргөн мэдлэгтэй, шударга, хийсэн зүйлтэй, хийх чадвар жагссан ахмадууд цөөн ч гэсэн бас байна шүү дээ. Намуудын дарга нар ийм ахмадууд руугаа нүдээ нээж, зөв сонголтоор нэр дэвшүүлэх нь ононо.

З.БАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button