Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөртэй аль ч тойрогт халз үзэхэд бэлэн байна

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажуулах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та бүхэн эдийн засгийн либералчилна гэж байна. Гэхдээ та бас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны халамжийн бодлогыг хэрэгжүүлж байсан сайд хүн. Тэгэхээр нийгмийн хамгаалал, халамжийн асуудлаа яаж харж байгаа вэ?
-Улс төрийн үзэл баримтлалын хувьд аливаа нам зүүн зүгээ барих тусам төр өөрөө томордог. Хууль эрх зүйн хувьд ч, төрийн албаны хувьд ч илүү том, данхар болж эхэлдэг. Төрийн албаны цаана хэн байдаг вэ, намын гишүүд л байдаг. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрууд ихээр нэмэгддэг. Энэ нь эдийн засгийг эргээд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо руу татдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил зогсонги байгаагийн учир нь төр болон хуулийн нэрээр баг зүүсэн, гажуудсан нам байгаа нь юм. Тэгэхээр либералчилна гэж байгаа нь төрөөс “намчдыг” салгах асуудал. Яаж вэ гэвэл бид эрх зүйн болон эдийн засгийн аргаар төр үүрэгт ажлаа хийдэг, бизнест оролцдоггүй, төрийн алба нь мерит зарчимдаа суурилсан бүтээмжтэй, цомхон болгох ёстой. Хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж хөгжиж, баян чинээлэг болж түүнээс гарах үр дүн нь улсын төсөв мөнгөтэй болно. Ингэснээрээ нийгэм, эдийн засгийн бодлогуудаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийнэ. Үндсэндээ яг ийм энгийн томьёолол дээр бид мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Яагаад улс төрийн үндэсний ардчилсан үзлийг онцолж, тэртээ 103 жилийн өмнө тодорхойлж байсан Солийн Данзангийн үзэл санааг өлгийдөж авсан бэ гэдгийн учир нь энэ байгаа юм.

-Халамж хавтгайрах болсныг та юу гэж үзэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн бодлогын уялдааг хангаагүй. Үүнээс болж төрийн бодлогын төвд хүн байхаа больсон. Мөн нийгмээ тайвшруулах, давхар сонгуулийнхаа сурталчилгааг хийх зорилгоор халамжийг хэтэрхий хавтгайруулдгийг бид өнөөдөр ч харж байна. Миний хувьд анх халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг санаачилж байсан. Одоо ч нэн ядуурлаас урьдчилан сэргийлэх, халамжийн бодлогыг зохист хэмжээнд нь барих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.

-Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг баталчихлаа. “Үндэсний Эвсэл”-ийн гол үзэл санаа бол баялгийг иргэдэд хүртээмжтэй байлгах. Баялгийг иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд яах ёстой гэж та бүхэн үзэж байгаа вэ?
-Баян, баялаг гэдгийг зөвхөн тоологддог мөнгөөр хэмжиж болохгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга замын хувьд эргээд л буцаад төр, түмний өмч гэсэн баг зүүсэн улс төрийн намууд улам хүчирхэг болох тогтолцоо руу орж байгаа. Дагаж мөрдөх журмуудыг нь үзэх юм бол Монгол Улс буцаад эдийн засгийн гүн хямрал руу орох эрх зүйн орчин бүрдсэн. Бид яаж баялгийг иргэдэд хүртээмжтэй байлгах вэ гэвэл чанартай боловсрол, эрүүл мэнд, бүх төрлийн үйлчилгээ, зах зээлийг тэлсэн дэд бүтэц гэх зэрэг хүний амьдралд зайлшгүй шаардлагатай суурь өгөгдлүүдийн хэрэгцээг хангах ёстой. Үүнийг бид баялаг гэж харж байгаа. Түүнээс бэлэн мөнгө тараах биш.

-Дөрвөн жилийн өмнө таны төлөөлөл нь байсан эрх баригч намыг юу гэж дүгнэж байгаа вэ?
-2016 оны УИХ-ын сонгуулиар тухайн үед гишүүнчлэлийн хувьд харьяатай байсан МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Харамсалтай нь олдохын зовлон гэгчээр 32, 33 болж хуваагдсан. Миний хувьд 32-ын бүлгийг толгойлсон хүн нь байсан. Улмаар 2018 оны арваннэгдүгээр сард хэвлэлийн хурал хийж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээ зарласан. Ингэж МАН-аас гарах шийдвэрээ хоёр дахь удаагаа зарласан бол 2020 оны нэгдүгээр сарын 29-нд гурав дахь шийдвэр нь гарсан. Үүнийг үүрэг, хариуцлагаас мултрах гэж хэлээд байгаа юм биш. Тэр хугацаанд ч гэсэн болохгүй, бүтэхгүй, хөгжихгүй байгаа маш олон учир шалтгааны төлөө тэмцэж байсан. “Үндэсний Эвсэл”-ийн үзэл санаа өнөөдөр гарчихсан юм ердөө биш. Энэ үзэл санааны тухай бүр 2011 оны нэгдүгээр сард “Сэрүүлэг” сонинд би өөрөө ярьж байсан нь архивд бий. Одоо харин 13 жилийн дараа хэрэгжээд явж байна.

Өнгөрсөн хугацаанд 21 аймгаар тойрлоо, хотынхоо иргэдтэй ч уулзлаа. Монгол Улс хөгжихгүй, алив муу бүхний тоон үзүүлэлт өсөөд байгаагийн цаана улс төрийн нам бий гэдгийг хэн нь эргэлзэхгүй дуу нэгтэй хэлж байна. Одоо хүмүүс учир, начрыг нь ойлгодог болжээ. Тэр ч үүднээс бид “Үндэсний Эвсэл”-ийн манифест буюу тунхаг бодлогыг боловсруулахдаа суурь тангараг бүхий зарчим баримтлах ёстой гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, эвийг сахих, хоёрдугаарт, бодлогоо тодорхойлж түүний төлөө хамт зүтгэх хүмүүстэй хүчээ нэгтгэж ажиллах, гуравдугаарт, дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс дуугардаг, тэмцдэг улс төрийн хүчин байх ёстой юм байна.

Улс төрийн улиг болчихсон намуудын алдаа өнгөрсөн 34 жилийн хугацаанд бидний ажил, амьдралыг хангалттай хямралд хөтөлсөн. Энэ алдааг давтахгүй байх хариуцлагыг бид нийгмийн өмнө хүлээнэ, засаж залруулахын төлөө байна. Иргэдийнхээ үгийг сонсоод ийм дүгнэлт хийсэн. Нийгэм, эдийн засгийн бодлогын шүтэлцээг хангах ёстой юм байна, зоригтойгоор үнэнтэй нүүр тулж, эдийн засгийг либералчилж, төр гэх эрхэм хүндтэй тогтолцооны ард нуугдсан намчдаас салахын төлөө тууштай байя л гэж байгаа. Ер нь хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш, үхэх сэхэхийн зааг дээр байснаас зоригтойхон шийдвэр гаргаад, шат дараатай алхмуудыг хийгээд явах зорилготой. Энэ боломжийг иргэд бидэнд өгөх үү, үгүй юу гэдэг нь зургаадугаар сарын 28-нд шийдэгдэнэ.

-”Үндэсний Эвсэл”-д өнөөдөр Монголын либерал ардчилсан нам орж байгаа юм байна. Энэ саналыг хэн нь тавьсан юм бэ?
-Хэн хэн нь нэгэндээ санал тавьсан, урьсан гэхээсээ илүү бидний үзэл баримтлал, урдаа тавьсан зорилго нэг уулзвар дээр л огтлолцсон. Түүний эхлэл нь өнөөдөр болж байна.

-Таныг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой, боломжгүй гэх маргаан явсаар байгаа. Үүнд хариулт өгөөч?
-Нэр дэвших, боломжтой боломжгүйг би өөрөө тайлбарлахаас илүүтэй цагаан дээр хараар бичсэн хууль тайлбарлаж байгаа. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаал буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл, заалтаар ял авсан этгээдийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх хуулийн зохицуулалттай. Миний хувьд 2020 онд юу болсныг та бүхэн гадарлаж байгаа байх.

Улс төрөөс зайлуулахын тулд заавал нэг хэрэг тохох ёстой болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3.9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр байсан. Хууль, журмыг нь судлаад үзэхэд 2.6 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр, төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа нэрээр хулгайн замаар ордог цоорхой байсан. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх, хүүгүйгээр өгөх шийдвэр гаргасан. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3-аар эхлээд 7,7 жил, дараа нь 5,5 жилийн хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүх хуралдаад үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хууль л ингэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй.

-Таныг мөн Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтийн тойрогт халз үзнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Та энэ тал дээр хариулт өгөөч.
-Надад бол тэр, энэ тойрогт халз үзье ээ гэсэн дуудлага ирээгүй. Хэрэв МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр аль алинаас нь санаачлаад надтай хамт нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй. Гурвуулаа нэг тойрогт үзэж болж байна. Одоогийн байдлаар хамт олны зүгээс “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүний хувьд жагсаалтаа ахлаад яв аа гэж байгаа. Бид сонгууль угтаад ямар нэг байдлаар бөөрөнхийлөөд, бултаад, энд тэнд үзнэ, үзэхгүй, тэр шийднэ гэж жүжиг тавиад байх юмгүй. Хэрэв олон нийтийн зүгээс ч санал, санаачилга нь гараад гурвуулаа нэг тойрогт үз гэвэл хаана ч үзэж болж байна.

-“Үндэсний Эвсэл” нэр дэвшигчдээ ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Нэр дэвшигч хэн байх вэ гэдгээсээ урьтаад бид ямар улс төрийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм бэ, үр дүнд нь бидний хүсээд байгаа нийгэм яг яаж бий болох юм гэдэг нь чухал. Үүнийг удирдлага болгоод үзвэл түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчний хэрэгцээ нь гарч ирсэн. Энэ бодлогын хэрэгжилтийг хангахад салбар, салбарын мэргэжлийн ур чадвартай хүмүүс хэрэгтэй. Ийм бодлого, зарчмаар нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Угтаа ард иргэдээр хэлэлцүүлж байж нэр дэвшигчдээ сонгох нь хамгийн эрүүл зарчим. Гэсэн ч энэ нь хуулиараа боломжгүй, зөвхөн гишүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийх боломжтой юм билээ. Энэ хүрээнд хэлэлцүүлэг явагдаж байгаа.

Нэр дэвшигчид хуульд нийцсэн, элдэв хэрэг зөрчилд холбогдоогүй байна гэдэг хамгийн наад захын шаардлага. Үзэл баримтлал, ёс зүй, сахилга бат, хууль дээдлэх зарчим зэргийг бид удирдлага болгож харна.

Үүн дээр нэмж хэлэхэд “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж байгаа дэмжигч, сонгогчдыг итгэлийг саармагжуулах зорилготой мэдээллүүд их гарч байна. Би хар багадаа улс төрд хөл тавьсан, ардаа ямар нэгэн даргагүй болохыг та бүхэн мэдэх байх. Бид улс төрийг хүнээр заалгуулж, чиглүүлдэг хүмүүс биш.

-Төрийн албан хаагч, халамж авч байгаа иргэдийн тоо, Сонгуулийн хууль болоод бусад хүчин зүйлийг харахаар гурав дахь хүчин гарч ирэх боломж байгаа юу гэх эргэлзээ төрж байна. Үүнийг яаж тооцож байгаа юм бэ?
-Үеийн үед эрх баригч улс төрийн намууд эрх мэдэлтэй байхдаа хүчтэй болох эрхэм зорилгыг л тавьдаг. Ингэхдээ нэгдүгээрт, эрх зүйн аргаар бүх хүнийг хамааралтай болгодог. Зарим тохиолдолд эрх зүйн аргаар халамжийг хүртэл шийдээд явдаг. Ажил, хөдөлмөр эрхлэх хүмүүсийг ч эрх зүйн аргаар өөрсдийнхөө хараа хяналтад оруулчихдаг. Янз бүрийн байдлаар дарамталж шахаж, айлган сүрдүүлдэг. Түүгээр ч зогсохгүй төрийн тогтолцоо, эрхзүйн аргаараа улс төрийн намынхаа гишүүдийг тогтмол ажилтай, цалинтай болгочихдог. Төрийн албаны 70 орчим хувь нь сонгуулийн штаб болж хөгжсөн энэ тогтолцоотой сөрж өрсөлдөх амаргүй.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд иргэдээ сонсох үеэрээ төрийн албаныхантай ч уулзсан. Ил гарч уулзаж чадахгүй ч дотоод итгэл үнэмшил нь танайд байгаа, бид ажил олгосон намдаа боол мэт зүтгэхгүй гэдгээ илэрхийлж байгаа хүмүүс цөөнгүй бий. Эцсийн дүндээ иргэд, сонгогчдод бүрэн эрх байгаа. Олон мянган иргэдтэй уулзаад явж байхад “Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар хулхидуулж ханалаа, одоо цэг тавья” гэх болсон байна. Бид их урам зориг авсан. Энэ байдлыг “Үндэсний Эвсэл” гарч байж л зоригтойгоор өөрчилж чадна. Тэгэхгүйгээр бид хөгжил гэдэг үгийг мартчихсан нь дээр.

-“Үндэсний Эвсэл” бусад намуудтай ямар нэгэн улс төрийн тохироо хийсэн үү?
-“Үндэсний Эвсэл” ямар нэгэн байдлаар манай, танай гэж, элдэв өнгөнд хуваагдаж талцдаг байдалд цэг тавина гэсэн зарчим баримталж байгаа. Гэхдээ ямар нэгэн нам, хэн нэгэн томоохон албан тушаалтан ард иргэдийн эрх ашгийг хөндсөн зүйл ярих юм бол бид эсэргүүцнэ, зөв болгох байр суурин дээр хатуу зогсоно. “Үндэсний Эвсэл” боловсон хүчнийхээ бодлогыг тодорхойлчихсон. Бид дийлэнх тойргууд дээр дутуу нэр дэвшилт хийж байгаа, гэхдээ хуулийнхаа шаардлагыг хангаад. Үлдсэн дээр нь хэнийг дугуйлах вэ гэдгийг бид харна. Иргэд, сонгогчид хэнд нь итгэж байна, хэнтэй нь бид цаашдаа үзэл бодол нийлэх үү гэдгээ нууж хаалгүй, ил дэмжээд явах зарчим барьж байгаа. Эвийг сахиж, хүчээ нэгтгэе гэдэг бодлогоо өөрсдөө зарлачхаад буцаад тэмцэлдээд байх боломжгүй.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
монгол
28 days ago

Энэ одоо өөрийгөө оюунэрдэнэ, Баярцогт нартай нэг зиндаа гэж бодоод байгаа юм байхдаа мөн мөрөөдөв өө
Эсвэл халдвал хар халзан даа гэж томоохон нэр бүхий хүмүүстэй нэр холбож байж өөрийгөө өөд нь татахыг хичээж байгаа юм байхдаа ээ чааваас

Back to top button