“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажил эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж,  2023 онд  1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлжээ.

Агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  “Нью Улаанбаатар интэрнэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлсэн байна. 

Энэ зорилтын хүрээнд /2024.05.16/ Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй Японы талын төлөөлөлтэй уулзсан байна. 

Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургаадугаар сараас хийж эхлэх талаар санал солилцлоо. 

Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлжээ. 

Нисэх буудлын удирдлагууд “Чингис хаан” нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button