Ямааны угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар ямааны угаасан ноолуурыг 2024 оны долоодугаар сарын 1-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс экспортод гаргахаар шийдвэрлэжээ. 

Уул уурхайн бус дахин сэргээгдэх экспортын гол бүтээгдэхүүний нэг, ургадаг алт бол ноолуур. Дэлхийн  ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг Монгол Улс хангадаг. Гэвч манай улс нийт ноолуурынхаа 70 гаруй хувийг түүхийгээр буюу зөвхөн угаагаад экспортолсоор байна. Нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад гаргах нь улсын эдийн засагт томоохон дэмжлэг болно. 

Ноолуурын боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 380 дугаар тогтоол батлагдсан. Засгийн газрын 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн угаасан бус зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэхээр болсон. 

Энэхүү шаардлагыг хангах техникийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр ноолуур самнах үйлдвэрийн тоо нэмэгдэхээс гадна, 4000 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн угаасан гэх тодотголтой түүхий ноолуур нэг кг нь 40-48 ам.доллароор экспортод гардаг байсан бол самнасан ноолуур  90-110 ам.доллароор дэлхийн зах зээлд гарна. Ингэснээр ноолуураас олох валют хамгийн багадаа 300 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой гэсэн тооцооллыг ХХААХҮЯ-наас гаргажээ. 

Сүүлийн жилүүдэд Америк болон Европын улс орнууд манай улсын чанар, стандартын шаардлага хангасан  эко ноолуурыг ихээхэн сонирхож хөрөнгө оруулж байна. Мөн ээрэх утас, бэлэн хувцас гээд шатлан хөгжихөд 1.5-2 сая ам.доллар олох бүрэн боломжтой. 

ХХААХҮЯ-наас цаашид ээрэх, сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж буй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button