А.Дашням: Маргааш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө.

НОБГ-ын дарга А.Дашням “Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилдэг.

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-аас өгсөн.

Маргааш буюу тавдугаар сарын 25-наас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, үерийн бүсийн айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх шаардлагыг өгнө. Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна.

Зөвхөн Баянзүрх дүүрэг бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана.

Өнгөрсөн жил үер болсон газруудад далан суваг барих ажлуудыг шат дараатайгаар хийнэ” гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button